-Тамхины хэрэглээг хэн ч уухайлан дэмжихгүй нь маргашгүй ч тамхийг хатуу эсэргүүцэх чиглэл баримталж, энэ талаар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гадны сангийн лоббиг хэрэгжүүлдэг хэмээн шүүмжлэлд өртөх болсон ДЭМБ-ын заавар чиглэлээр Монголын төр хуулиа хийдэг байж таарахгүй-
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачлагаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан олон нийтийн санал авахаар D Parliament цахим хуудаснаа байршуулаад хагас сар орчим болж байна.
Тамхины хэрэглээг хянах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой хэмээн тус төслийн ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг тайлбарлаж буй ч нэмэлт өөрчлөлт, түүнийг дагалдах хуулиудаар тамхины худалдаа, импорт, татварын асуудал хөндөгдөж байгаа юм.
Энэ тохиолдолд буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.1.4-т “Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулсан бол хуулийн төслийг холбогдох судалгаа, үзэл баримтлал, үр нөлөөний үнэлгээ, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардал, дагалдаж өөрчлөлт оруулах хууль, тогтоомжийн төсөл зэргийг албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулна” гэж тов тодорхой тусгасан байх атал санаачлагч гишүүд төслөө ердөө 15 хоног байршуулан “санал авсан” нэр зүүгээд өргөн барихаар яаравчилж байгаа нь илэрхий боллоо.
Монголд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүн бүрийн ард импортын худалдаа, үйлдвэрлэл, хил гаалийн татварын асуудал хөндөгддөг.
Нэг үгээр бол гадны үйлдвэрлэгч, тэдгээрийн албан ёсны эрхтэй борлуулалт, түүнчлэн тамхинд онцгой болон бусад татварын асуудал яригдаж буй. Тэр тусмаа О.Номинчимэг нарын гишүүдийн боловсруулсан төсөлд тамхины импортын квотыг хүртэл Эрүүл мэндийн асуудал хариуцсан яам тогтоох, татварыг ДЭМБ-ын өгсөн заавар чиглэлээр тогтоохоор тусгаад байгаа.
Зүй нь 100 хувь импортын худалдаан дээр тогтож буй онцлог бүхий зах зээлд худалдаа, татвар, бизнесийг хуулиар зохицуулах гэж байгаа бол төслийн англи хэлээрх хувилбарыг ч цахим хуудсандаа хавсаргах ёстойг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан байна
Гэвч ажлын хэсгийн ахлагч “Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө” гэх хэнд ч аятайхан сонсогдох лоозонгийн үгээр түрээ барьж байгаад D Parliament сайтад 15 хоног байршуулсан төслөө Тамхитай тэмцэх өдрөөр өргөн барихаар шамдаж буй бололтой.
Энэ хууль нь олон талын үйл ажиллагаа, татвар, бизнесийн орчныг хөндөж байгаа атал хэрэгцээ шаардлагын судалгаа нь нэг эх үүсвэр буюу ДЭМБ-ын нэг талын байр суурийг дагасан, ажлын хэсгийн гишүүд нь ч өөр бусад эх сурвалжийг судлах шаардлагагүй мэтээр гадны нэг байгууллагыг тахин шүтэх байдлаар асуудалд хандсаар байгаа. Ийм нөхцөлд боловсруулсан хуулийн төслөө Тамхитай тэмцэх өдрийн бэлэг “баярын бялуу” мэтээр авч үзэж болохгүй биз ээ.
ДЭМБ нь өнгөрсөн хавраас хойш УИХ-ын гишүүд, Сангийн яам, ЭМЯ-ны мэргэжилтэн, гааль, татварын ажилтнуудыг хамруулсан хурал, сургалтыг хэдэнтээ зохион байгуулж, зөвхөн нэг талын судалгаа, хамгийн хачирхалтай нь татварын хувь хэмжээг тогтоох тухай хүртэл аргачлал чиглэл өгч ирсэн. Хамгийн сүүлийн хурал нь энэ тавдугаар сарын 25-нд болсныг цахим сайтдаа мэдээлжээ.
Мэдээний зургаас харвал манай эрхэм гишүүд, төрийн албан хаагчид оролцож, “итгэл үнэмшлээ” баталгаажуулцгаасан бололтой.
Тамхины хэрэглээг хэн ч уухайлан дэмжихгүй нь маргашгүй ч тамхийг хатуу эрс эсэргүүцэх чиглэл баримталж, энэ талаар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гадны сангийн лоббиг хэрэгжүүлдэг хэмээн шүүмжлэлд өртөх болсон ДЭМБ-ын заавар чиглэлээр Монголын төр хуулиа хийдэг байж таарахгүй
Аливаа худалдаа, бизнесийг зах зээл өөрөө зохицуулдаг боловч тамхины хэрэглээнд хяналт, зохицуулалт, татварын бодлого хэрэгтэй нь үнэн.
Гэхдээ хөндлөнгийн судалгааны байгууллага, бусад эх сурвалж, гадны улс орнуудын туршлага зэргийг ДЭМБ-ын зөвлөмж чиглэлтэй зэрэгцүүлэн авч үзэж, өөрсдийн оюун бодлоор тунгаан шүүх ёстой. Монгол Улсын эрх барих дээд байгууллага ард иргэдээс сонгогдсон төлөөллөөрөө дамжуулан бие даасан, хараат бус бодлого, үйл ажиллагаа явуулах нь тусгаар улс байхын дархлаа юм. Энэ бол нэг хуульд зориулж буй шүүмж бус үе үеийн парламентын гишүүд дунд байсаар ирсэн гадны байгууллага гэхээр үг сөргөхгүй, өөрийн эрэгцүүлэлгүйгээр дагадаг хандлагыг сануулж байгаа хэрэг юм.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ удаагийн төсөл бол импортын худалдаа, бизнес, татварын орчинд нөлөөлөхүйц өөрчлөлтийг агуулж байгаа хууль байна шүү гэдгийг эрхэм түшээдэд сануулья. /Импортын хэмжээг Засгийн газар зохицуулах тухай ганц заалтаар л үүнийг нотлоход хангалттай биз ээ/
Энэ хууль тэмдэглэлт өдрөөр өргөн барих “баярын бялуу” биш. Гадны байгууллага гэдэг төрийн дээр гарах “бурхан” бас биш.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.