?А.Ариунзаяа: Улс төрийн дайралтдаа үр хүүхдийг нь ашиглах нь зөв үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо ил тод мэдүүлэхийг шаардаж иргэд жагсаж буй. УИХ-ын зарим гишүүнээс байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Би байнгын хорооны дарга биш учраас байнгын хороонд ямар мэдээлэл ирж байгаа талаарх мэдээлэлгүй байна. Гомдол ирвэл процедурын дагуу Ёс зүйн байнгын хорооны дарга ажлын хэсэг байгуулах уу, хэнээр ахлуулах вэ гэдгээ шийднэ. Үүний дараа ажлын хэсэг холбогдогч талуудын мэдээллийг сонсож ярилцах дэгтэй. Асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд "ёс зүйн зөрчил байна" гэж үзвэл гурван хүрээнд хариуцлага тооцох боломжтой.
Нэгдүгээрт, Сануулах арга хэмжээ авах
Хоёрдугаарт, Уучлалт гуйлгах
Гуравдугаарт, Зургаа хүртэл сарын цалинг хасах боломж байнгын хороонд бий.
Та нартай ижил цахим орчны мэдээлэлтэй байна. АТГ-т хоёр иргэн мэдээлэл өгсөн гэж сонссон. Хариуцах байгууллагууд нь нийгэмд мэдээлэх байх.
-Ерөнхий сайд ёс зүйн ямар зөрчил гаргасан байх магадлалтай вэ?
-Ёс зүйн кодоор бол УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтан өөрийнхөө албан тушаалыг ашиглаж бусдад болон хамаарал бүхий хүмүүст давуу байдал үүсгэж болохгүй гэх заалт л бий. Энэ асуудалд хамаарах эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Нийгэмд явж байгаа асуудал нь 20 настай хүү нь найз охиндоо бэлэг сэлт өгсөн тухай. Яг бэлэг өгсөн үү, хэн өгсөн бэ, хэзээ тийм асуудал болсон юм, ямар орлогоос өгсөн юм гэх асуудал яригдана. Насанд хүрсэн хүн өөрөө орлогогүй бол бэлгийг хаанаас авсан бэ гэх мэт нотолгоог мэдэхгүй байж зарим иргэн, ялангуяа УИХ-ын гишүүн буюу чухал албан тушаалтан хэн нэгнийг буруутгаж яриад байгаа нь буруу гэж би бодож байна.
Би хэн нэгнийг өмөөрөх гээгүй. Аливаа асуудалд улс суурьтай хандах нь чухал. Улс төрийн дайралт үр хүүхэд рүү орж ирнэ гэдэг нь маш бохир технологи. Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудалд ч ингэж байсан. Үр хүүхэд оролцуулна гэдэг улс төрийн соёлын хувьд маш онцгүй. Энэ бохир технологи эртнээс явж байсан. Сошиалд явж буй гүтгэлэг дайралт хэрээс хэтэрч байгааг анхаармаар байна. Зохицуулах шаардлагатай. Ерөнхий сайд өөрөө тайлбараа хийх байлгүй дээ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.