Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү, бэр хоёрын тансаглалтай холбоотой мэдээллүүд болон өмч хувьчлал, төрийн байгууллагуудын реформын талаар УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэнбугай ч хөрөнгө орлогоо үнэн зөв тайлагнасан байх ёстой. Хэрэв буруу тайлагнасан бол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ.
"Орлогоо нотол" гэсэн зүй ёсны шаардлага тавьж байна лээ. Ерөнхий сайд гадаадаас ирээд байр сууриа илэрхийлэх байх. Шинэ жишиг тогтоох байх.
Монгол Улсын Ерөнхий сайд "Херо студи"-ийн тодорхой хувийг эзэмшдэг. Тэр студи тодорхой хэмжээний орлоготой байж таарна. Мөн, арав орчим сая төгрөгийн цалин авдаг байх шүү. Төрийн гурван өндөрлөгийн зардлыг төр хуулиар даадаг. Тэгэхээр орон байр, хоол хүнсэн дээр хэмнэлт гарна, тэр хэрээр хуримтлал бий болж таарна. Түүгээрээ зарцуулсан байж болно. Түүнээс биш, төрийн онгоц байтугай автомашиныг хувийн зорилгоор ашиглавал буруутна шүү дээ.
-Улс төрчдийн тансаглал хэрээр хэтэрлээ гэсэн олон нийтийн уур бухимдал хэвээр байгаад байгаа...?
-Улс төрд орсон, улс төрч дагасан залуус үеийнхнээсээ тасраад явчихсан нь үнэн шүү дээ. Энэ заваан тогтолцоог өөрчлөхийн тулд өмч хувьчлалыг явуулах хэрэгтэй байна. Төрийн зарим алба үйлчилгээг хувьд шилжүүлбэл 12 их наяд төгрөг хэмнэх боломжтой байна гэсэн судалгаа саяхан гарсан байсан. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой" ашигтай, бусад нь дампуурсан байдалтай байна шүү дээ. 200 хүнтэй хувийн хэвшил жилд 4 сая тонн нүүрс гаргаад байхад, 1300 ажилчинтай төрийн өмчийн компани жилд хоёр сая тонн нүүрс гаргаж чадахгүй байгаагийн цаана асар их хулгай, үргүй зардал байгаа нь хэнд ч ойлгомжтой байна шүү дээ. Хөгжлийн банкаа хүртэл дампууруулах хэмжээнд хүргэчлээ. Тус банкны муу зээлийн 54 хувийг төрийн өмчит компаниудын авсан зээл эзэлж байгаа. Иймд төрийн албаны реформыг даруйхан хийх хэрэгтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.