?LIVE: Н.Учрал: Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан бантангийнхаа учрыг долоо хоногийн хугацаанд ол
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв. Энэ үеэр "Х.Баттулга гишүүн стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллараар зарсан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн та өөрийн хутгасан бантангийнхаа учрыг долоо хоногийн хугацаанд ол. Энэ хугацаанд шийдэхгүй тохиолдолд Засгийн газрын зүгээс дараагийн арга хэмжээг авна" гэж мэдэгдлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хэрэгжилт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийг хуваарилах асуудлаар тодорхой чиглэл өгсөн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас стратегийн 16 орд газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг танилцуулсан. 2007 оны тогтоол дээр байсан 39 стратегийн ордыг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 55 стратегийн орд газартай болно. Эрдэнэс Тавантолгой ХК Тавантолгойн бүлэг ордын зөвхөн нэг нь. Ганц ордоос бид ногдол авч байна. Нийт 55 ордоос ногдол ашиг хүртвэл ямар ашиг хүртэх нь ойлгомжтой болно.
И-Монголиа дахь дансны Баялагийн сангийн хадгаламж нь төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувь шилжсэнээр авах ногдол ашиг нэмэгдэнэ. Компаниуд эхнээсээ баялгийн санд хуримтлалаа хийгээд эхэлсэн байна. Бид цаашдаа баялгийн сангийн хуулийн дагуу төрийн өмчит уул уурхайн компаниудаасаа гадна стратегийн төрийн эзэмшлийн 34 хувийг шууд ногдол ашиг хэлбэрээр авах уу, эсвэл баялгаас нь төлбөр хэлбэрээр АМНАТ, бүтээгдэхүүн хуваах орлуулах вэ гэдэг чиглэлээр УИХ-д тогтоолын төсөл оруулна.
Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хийж эхэлж, нөөцийг нь тодорхойлсон. 3.1 тэрбум тонны нөөцтэй. Төгрөг энержи компани дөрвөн лиценз эзэмшиж байсан. Х.Баттулга гишүүн стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь ч бас үнэн. Байгалийн баялгийн иргэддээ өгье гэж байгаа чинь ч бас үнэн. Тийм учраас та өөрийн хутгасан бантангийнхаа учрыг долоо хоногийн хугацаанд ол. Энэ хугацаанд шийдэхгүй тохиолдолд Засгийн газрын зүгээс дараагийн арга хэмжээг авна.
Мөн, Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэлх 958.6 км үргэлжилнэ. Зургаан аймаг, 22 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөхөөр байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр эдийн засгийг тэлэх, 10 мянган ажлын байрыг шинээр бий болгох чухал төсөл гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.