Шадар сайд гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг үүрэг болгов
УОК-ын ээлжит хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв.
Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг БОУАӨЯ-ны сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа өглөө. Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын хүрээнд сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, Асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Дээрх мэдээллийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Зарим орнуудад тархаад буй хүний метапневмовирусийн /HMVP/ халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулах, урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд тасралтгүй түгээх
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатандаа тасралтгүй авч хэрэгжүүлж, эм тарианы нөөц, хүртээмжинд онцгой анхаарах
- Эрүүл мэндийн салбарын бүх шатны бэлэн байдлыг хангах, эрсдэлт бүлгийн хүн амын судалгаа хийх, хяналтыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хүний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлэх
- Аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарах
- Сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх
- Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх
- Өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах
- Гадны улс орон руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг үүрэг болгосон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.