Д.Цогтбаатарыг чөлөөлснөөр Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарт дахин нэр дэвших боломж гарч байна
УИХ-ын сонгуулийн I дүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Гурван шатны шүүхийн шийдвэр ийнхүү нэгэнт гарсан тул бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай яриа сүүлийн үед хүчтэй яригдаж эхэллээ.
Харин үүнийг УИХ дахь АН-ын бүлэг хүчтэй эсэргүүцэж, "МАН-ынхан өөрсдийгөө авч үлдээд, АН, ХҮН намын гишүүдийг золигт гаргачихлаа" хэмээн шүүмжилж байна. Тухайлбал, Д.Цогтбаатартай хамт I дүгээр тойргоос сонгогдсон Д.Жаргалсайхан гишүүн "Шүүхээс улстөржсөн шийдвэр гаргасан гэж харж байна. Д.Цогтбаатартай холбоотой асуудал сонгуулийн дараагаас л яригдаад эхэлсэн. Үнэхээр ийм асуудалтай байсан бол яах гэж сонгуульд нэр дэвшүүлсэн бэ?" хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа.
Харин, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр "Дээд шүүх Д.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж үзсэн учраас чөлөөлөгдөх асуудал яригдана. Улсын ерөнхий прокуророос асуудал орж ирсэн тохиолдолд манай хороо хуралдана" гээд мэдэгдчихлээ.
Нөхөн сонгуулийн чимээнээр МАН-аас нэр дэвшин өвдөг шороодсон эрхмүүд зодог шуудгаа бэлдэж эхэлжээ. Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан, одоогийн ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатар, тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, одоогийн Монголросцветмет нэгдлийн захирал Д.Тогтохсүрэн нарыг дахин нэр дэвшүүлэх талаар хүчтэй яригдаж байгаа юм байна. Сонгуульд унаж "дуулиан" дэгдээж байсан энэхүү хоёр эрхэмд хүрд эргүүлэх боломжийг дахиан олгоё гэж намын нөхөд нь ярьж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.