"Эрдэнэт үйлдвэр"-ийн Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрнэ
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн “Хүдэр боловсруулалтын өргөтгөл”-ийн нээлтийн ажиллагаа яг энэ мөчид болж байна. Нээлтийн ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон оролцож байна.
Хүдэр нунтаглах хоёрдугаар шатны есдүгээр тээрэм нь цагт 1000 тонн, жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орлоо. Энэхүү тээрэм ашиглалтад орсноор "Эрдэнэт үйлдвэр"-ийн Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрэх юм.
Өргөтгөл барих болсон шалтгаан нь 2017-2022 оны хугацаанд Баяжуулах үйлдвэрийн боловсруулсан хүдэр дэх зэсийн агуулга 0.42-0.36% хүртэл буурч, зэсийн баяжмал гаргалт 604-574 мян.тн болж багассантай холбоотой аж. Эцсийн бүтээгдэхүүний гарц буурснаар өртөг зардал өсөж, эдийн засгийн алдагдалд хүрэх эрсдэл дагуулсаар байсан юм.
Тус төслийн нийт хөрөнгө оруулалт 136.9 сая ам.доллар ба хөрөнгө оруулалтаа 2.5 жилийн дотор нөхөх юм байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.