"Монтай бүрд" ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалаад луйвардуулж орон гэргүй болсон иргэд 13 дэх хоногтоо өлсгөлөн зарлаж байна. Тус иргэд Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хотын дарга Х.Нямбаатар нарыг ирж уулзан, үгийг сонсож, асуудлыг минь шийдэж өгөхийг хүсэв.
Иргэн:
-Бид Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд баригдаагүй барилгын буурин дээр өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Бидний үгийг хэн ч сонсохгүй, асуудлыг шийдэх, анхаарал хандуулах хүн алга.
Манайх дөрвөн хүүхэдтэй, элэг бүтэн гэр бүл байсан. Нөхөр бид хоёр хурааж цуглуулсан мөнгөө энэ компанид өгсөн. Мөнгөө залилуулснаас болж нөхөр бид хоёр зөрчилдөж, хоёр тийшээ болсон. Одоо бид орон гэргүй болсон. Залуу хүмүүс Монголдоо ажил хийж, сайхан амьдрах гэж хичээж байхад яагаад биднийг ингэж хохироож байгаа юм бэ?
Үүнээс болж өчнөөн олон гэр бүл салж, үхэл хагацал болж байна. Би арга буюу өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Миний даралт ихсэж, 200 хүрээд эмч ирж үзэхэд, "Чи өлсөж болохгүй" гэж байна. Би өлсөхгүй гээд яах вэ, бид өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Дөрвөн хүүхдийнхээ төлөө энд өлсгөлөн зарлаад сууж байна. "Чи үнэхээр өлсөнө гэж байгаа бол гомдолгүй гэж гарын үсэг зур" гэсэн.
Би "Хөх дэгд" хотхонд байр захиалаад урьдчилгаа 65 сая төгрөг өгсөн. Би хүн шиг сайхан амьдрах гэж, дөрвөн хүүхдийнхээ төлөө зүтгэж энэ мөнгийг цуглуулсан. Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хотын дарга Х.Нямбаатар нар ирж уулзан, биднийг үгийг сонсож, асуудлыг минь шийдэж өгөхийг хүсэж байна.
Тэр залилагчийн ард хэн байгаа юм бэ. Яагаад энэ залилан хийж, жирийн иргэдийг хохироосон компанийн удирдлагуудад хууль хяналтынхан хариуцлага тооцохгүй, бидний хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.