СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-13

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэлжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
11 сарын өмнө

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэлжээ.

Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулжээ.

Уламжлалт сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, БНХАУ-ын талаас Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн штабын орлогч дарга хошууч генерал Ван Зы Цян нар оролцлоо.

Нээлтийг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэрийн илтгэлээр эхлүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, сургуулийн БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ван Зы Цян нар сургуульд оролцогч цэргийн алба хаагчидтай мэндчилсэн ба үргэлжлүүлэн хоёр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршиж байгааг тодотгож, мөн тэрээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг хамтарсан хээрийн сургуулиар батжин бэхжүүлж байгааг цохон тэмдэглэв.

Нээлтийн арга хэмжээтэй залгуулан хоёр орны цэргийн алба хаагчид байгаль орчны төлөөх үйлсэд нэгдэж, Монголын их говьд 400 гаруй нарс модыг тарьж, “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын талаас хүсэлт тавьсны дагуу говь хээрийн нөхцөлд ургадаг нарс модыг БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бэлэглэж, өнөөдөр сургуулийн газар районд төгөл болгон байгуулжээ гэж ЗХЖШ-ЫН Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.