СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гаалийн татварыг үндэслэлгүйгээр багасгасан байцаагчдыг хуульчид хамгаалж байна гэв үү

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Өмнөд хилийн ЗамынҮүд боомтод ажилладаг гаалийн байцаагчид улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг хууль зөрчин багасгаж, бусдад давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байна.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын талаас хүнд даацын автомашинаар оруулж ирсэн, гаальд мэдүүлэхдээ “Барилгын материал” хэмээсэн ч дотор нь өөр бараа байсан чингэлгийг гаалийн зөрчил хариуцсан байцаагч нар саатуулаад буй аж. Тухайн 40 тн-ын чингэлгийн хэсэгт нь тоосгонууд өрөөд, тэдгээрийн ард өөр төрлийн бараа “нуусан”, хууль журмаараа бол татварын зөрүүнд 60 гаруй сая төгрөг улсын орлогод тушаах ёстой бүтээгдэхүүн байж. Нийлээд 120 гаруй сая төгрөгийн татварын зөрүүг улсад тушаах ёстой ийм хоёр чингэлгийг Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагч М, М, Ц, Д нар барилгын материал гэсэн бүрдүүлэлтээр нэвтрүүлэхийг завдсан хэмээн холбогдох байгууллагынханд шалгуулж буй юм билээ.
Эл хоёр чингэлгийн цаад эзэн нь хэн болохыг хууль сахиулагчид тогтоохоор шалгаж эхэлсэн хэдий ч прокурор, гаалийн байгууллагын зарим албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэдэг байцаагч нартаа нөлөөлж “Наад чингэлгээ шалгалгүй явуулаач” хэмээсэн аж.

Өмнө нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажиллаж асан, өдгөө гаалийн байгууллагад буй албан тушаалтан, нэгэн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор зэрэг нэг бус хүн тухайн чингэлгүүдийг шалгуулахгүй байх ашиг сонирхолтой байсан гэнэ. Өдгөө үүнийг АТГ-ынхан шалгаж буй аж.

Үүний өмнөхөн Замын-Үүд боомтод гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.Биндэрмаад холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад буй. Тэрбээр “Бумбатай констракшн” ХХК-ийн 21 төрлийн бараанд шалгалт хийгээд гаалийн хяналтын бүсээс гарахыг зөвшөөрөн явуулсан аж. Түүнийх нь дараа өөр байцаагч нар дахин хяналт шалгалт явуулахад дөрвөн нэр төрлийн барааг худлаа, нэг нэр төрлийн барааг дутуу, зургаан нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй байж. Ингэснээрээ “Бумбатай констракшн” ХХК-ийг олон сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж бүрдүүлж, давуу байдал бий олгосон хэрэгт гаалийн байцаагчийг яллагдагчаар татсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.