СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-04-15

ЭДИЙН ЗАСГИЙН ЗОГСОХ ЭРХГҮЙ “ЗҮРХ”

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаанд Ⅱ байрт шалгарсан Ийгл телевизийн тоймч Г.Байгалийн нийтлэлийг хүргэж байна.

Төгрөг бол тусгаар тогтнолын жинхэнэ ялалт

Дэлхийн анхны цаасан мөнгийг бүтээж, хүн төрөлхтний эдийн засгийн түүхэнд бахдам мөрөө үлдээж, мандан бадарч явсан монголчууд үндэсний мөнгөн тэмдэг үгүй, өөрсдийн санхүүгийн систем үгүй болтлоо уруудан доройтсон үе бий. Манж Чин улсын үе буюу 17-19 дүгээр зуун. Төв Азийн нүүдэлчин монголчууд дээр Манж гүрний сүүдэр зуун дамнан тусаж, Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний эдийн засгийн бие даасан байдлаа алдсан. Дотоодын санхүүгийн систем зах замбараагүй болж, эмх цэгцгүй энэ үеийг далимдуулан гаднын пүүсүүд, мөнгө хүүлэгчид манайд үүрээ зассанаар Монголын санхүүгийн систем бүхэлдээ гаднынхны гарт орсон юм.

Харин 1911 оноос харийн эрхшээлээс гарах монголчуудын тэмцэл эхэлж, 1921 онд Ардын хувьсгал ялснаар бид тусгаар тогтнолоо эргүүлэн олсон. Хамгийн гол нь монголчууд санхүү, эдийн засгийн хувьд бие дааж, тусгаар тогтнож байж, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн утгаараа биелнэ болно гэдгийг тухайн үеийн удирдагчид ойлгож байсан учраас үндэсний эдийн засгийг тусгаар тогтнуулахын төлөө зорьж эхэлсэн байдаг.

1924 онд Монгол Улс Орос улстай хамтран Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк буюу одоогийн Монгол банкийг байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлж эхэлжээ

Гэвч олон арван жил гадаадын мөнгөн тэмдэгтүүд ноёрхож байсан Монголд үндэсний валют нэвтрүүлэх амаргүй байв. Монгол төгрөг болон хятад янчаан хоёрын хооронд урт хугацааны ширүүн тэмцэл өрнөж, эцэст нь төгрөг ялжээ. Төгрөгийн энэ ялалт нь Монгол Улсад жинхэнэ тусгаар тогтнолыг, эдийн засгийн хамгийн үнэ цэнтэй ололтыг авчирсан юм. Үүнээс хойш Монгол Улсад үндэсний санхүү, эдийн засгийн систем хөгжих эхлэл тавигдаж, 1924-1990 он хүртэл мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэх, зээл олгох, гадаад валютын гүйлгээ хийх зэрэг ажлууд хийгдсэн байна.

20 дугаар зууны Ардын хувьсгалын үр дүнд Монголын банкны системд хөгжлийн хөрс бий болж, тогтворжих үйл явц өрнөсөн. Харин 21 дүгээр зууны босгон дээр Ардчилсан хувьсал өрнөсөн нь банкны салбарт дахин өөрчлөлт дагуулав. Монголчууд чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгож, үүнийг дагаад Монголын банкны систем хоёр шатлалт тогтолцоонд шилжиж, төв банк болон арилжааны банк бий болов.

Энэ тогтолцооны шинэчлэл банкны салбарынхан тэр дундаа төв банк, арилжааны банкны аль алинд нь илүү үүрэг, илүү хариуцлага, илүү ачаа авчирсан юм. Эдийн засгийн шилжилтийн эхлэл цэгээс өнөөг хүртэл Монголын санхүүгийн салбарын хамгийн хүнд ачааг банкны системийнхэн нуруун дээрээ үүрсээр ирлээ. Хэдийгээр санхүүгийн салбарт даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг бусад оролцогч байгаа ч банкны салбарынхан өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Банкгүй нэг өдрийг төсөөлөөд үз дээ

Банкгүйгээр бидний нэг өдрийн амьдралыг төсөөлөхөд бэрх болсон. гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, аливаа санхүүгийн харилцааны хөтөч болсон нь энэ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд банкны салбарынхан санхүүгийн зуучийн үүргийг гүйцэтгэхдээ хэзээд олон улсын үйлчилгээний чанарыг Монгол Улсад нутагшуулж, хүн төрөлхтний хамгийн дэвшилтэт инновац, технологиос хоцролгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлж ирсэн.

Улсын хэмжээнд нийт гүйлгээний 90 гаруй хувь нь карт, банкны аппликэйшн, гар утас зэрэг цахимаар хийгдэж байгаа бол үлдсэн 10 хүрэхгүй хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна

Өнөөдөр бид ухаалаг утсаа хэдхэн товшоод л, санхүүгийн гүйлгээг хийчихэж байгаа нь манай банкны салбарын үйлчилгээ ямар хялбар атлаа дэвшилтэт болсныг түвэггүй хэлээд өгнө. Үнэндээ, Монголын банк дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын түвшний үйлчилгээг Монголд үзүүлж буй цөөн хэдхэн салбарын нэг.

Өөрөөр хэлбэл, Монголын банкны энэ системийг бүрдүүлж байгаа хэн бүхэн (төв банк, арилжааны банк) олон улстай мөр зэрэгцэн, үйлчилгээ үзүүлж буй. Ер нь арилжааны банкуудын үйлчилгээ чанартай, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хөрөнгө баталгаатай байлгахад төв банкны хяналт зохицуулалт, мэргэжлийн үйл ажиллагаа үүнд томоохон түлхэц үзүүлснийг хэлэх нь зүйтэй юм.

Тогтвортой байдлын “манаач”

Монголын банкны систем бүхэлдээ төгрөгийн “манаач”-ийг үүргийг гүйцэтгэдэг. Мэдээж хуульд заасны дагуу төв банк монгол төгрөгийн үнэ цэнийг хадгалахаар зорин ажилладаг. Гэхдээ төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээдэг, орлогын суваг цөөн, уул уурхай гэх ганц тулгууртай Монголын эдийн засагт мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалах амаргүй сорилт хэвээр байна. Гэсэн ч Монголбанк төгрөгийн гадаад болон дотоод үнэ цэнийг хамгаалах үүргээ биелүүлсээр байна.

Энэ оны хоёрдугаар сард төгрөгийн дотоод ханш болон инфляц сүүлийн 30 гаруй сарын доод цэгт хүрч буураад байгаа бол төгрөг доллар, юань зэрэг валютуудын эсрэг сүүлийн найман сар дараалан чангарч байна

Үндэсний мөнгөн тэмдэгтийг удирдах, Монголын эдийн засагт мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, жолоодох гээд хүндхэн даалгаврууд Монголбанкинд ногддог. Төв банк эдгээр үүргээ биелүүлэхийн тулд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж байна.

Зөвхөн төв банк гэлтгүй арилжааны банкууд, банкны систем бүхэлдээ Монголын санхүү, эдийн засгийг савлуулахгүй, тогтвортой байлгахын төлөө ажиллаж, эдийн засаг өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Эдийн засгийн “зүрх”

Үүнээс гадна банкны систем бүхэлдээ Монголын эдийн засгаар урсаж буй мөнгөний урсгалыг зохицуулдаг “зүрх”-ний үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв зүрх муу бол цусны эргэлт удааширч, худалдаа, эдийн засаг саарна. Харин өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монголын эдийн засгийн “зүрх” зогсолтгүй бас эрчтэй ажиллажээ. Энэ хугацаанд Монгол Улсын гадаад худалдаа 813 дахин өссөн байна. 1924 оны үед гурван сая доллартой тэнцэж байсан гадаад худалдаа 2023 оны эцсийн байдлаар 24 тэрбум ам.долларыг давлаа.

Гадаад худалдаа бол Монголын эдийн засгийн орлогын хамгийн том суваг. Энэ суваг тэлэхийн хэрээр Монголын эдийн засаг өсөж, иргэдийн амьдралд дээшилдэг. Тэгвэл мөнгөний урсгалыг тэтгэж, худалдааг нэмэгдүүлэн, Монголын эдийн засаг хөгжихөд банкны салбар ч үүргээ гүйцэтгэж байна.

Банкны систем нэг талаас үйлчилгээний байгууллага. Нөгөө талд энэ систем эдийн засаг тэр дундаа бизнесийн орчинд санхүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Манжийн дарлалаас хойш Монгол Улсад үндэсний банк санхүүгийн систем бий болсноор монголчуудыг хөгжил дэвших, хөрөнгөжих дэвших хөрсийг бий болгосон. Зээл, хадгаламж гээд банкны бүх төрлийн үйлчилгээ монголчууд хөрөнгө чинээтэй, элбэг хангалуун амьдралд хөтөлсөн. Банкны систем баялаг бүтээгчдийг, бизнес эрхлэгчдийг, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хэн бүхнийг дэмждэг. Өнөөдөр Монгол Улсад банкнаас ангид үйл ажиллагаа явуулж нэг ч аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага байхгүй.

Монголын банкны салбарын нийт актив 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 47.7 их наяд төгрөг болж, Монголын эдийн засагтай дүйх хэмжээнд хүрээд байна.

Эхлэл цэг нь тэртээ 100 жилийн өмнө тавигдаж, 30 гаруй жилийн өмнөөс илүү нээлттэйгээр хөгжих болсон өнөөдөр Монголын эдийн засгийн зогсох эрхгүй “зүрх” болоод байна

Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр хослол, Монголын чөлөөт эдийн засгийн тогтолцоонд гар нийлэн хоршиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Техник технологийн дэвшлээрээ, хариуцлагатай, чанартай үйлчилгээ, ёс зүй, нээлттэй, ил тод байдал, ногоон хөгжил гээд улс орон төдийгүй тив дэлхийд өрнөж буй шинэчлэл, шилжилтийн бүрийн тэргүүнд эгнээнд Монголын банкны Монгол Улсад түүчээ болсоор ирсэн.

100 жилийн өмнө Монголын тусгаар тогтнолын бодит баталгаа болон үүсэж байсан Монголын банкны салбар орчин цагт Монгол Улсын хөгжил дэвшлийн түүчээ болсоор байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.