Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө шүтсэн, өөртөө дурласан гаж донтон

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэд хэдэн зүйлийг ярьсан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар хийлээ.

Тэрээр “Өглөөний мэнд! Оюун-Эрдэний бэлдэж цацсан бичлэгийг үзлээ. Хэдэн үг хэлье” хэмээн бичлэгтээ тайлбар бичсэн байв. Ингээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн яриаг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

-Л.Оюун-Эрдэнэ ээ, би сая чиний эвлүүлсэн рекламыг харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Чи Монголыг хойд Солонгос болголоо гэж бодсон уу. 

Мэдээллийн урсгалд орчин цагийн хүмүүс хэрсүүжсэн. Өөрийгөө магтсанд нь бус, муулуулсанд нь итгэдэг, илүү сонирхдог болсон. Чамайг олон улсын хэллэгээр бол нарцист гэж байгаа юм. Өөрийгөө шүтсэн, өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж хатуу бодсон. Монголоо харахаар элэг хүндрээд байх юм. Хүмүүс тэндээс гарч зугтахын түүс болж байна.

Л.Оюун-Эрдэнэ чи намайг буруу хэлсэн. Чи намайг мафи гэж уншсан. Чи бүр том болох гэж оролдоод буруу замаар яваад байна. Эрх мэдэл рүү улам шунаад л. Хууль бус хулгайд хутгалдаад, төрийн хулгайг улам өөгшүүлээд л. Олон жилийн өмнө цээжилсэн үлгэрээ үргэлжлүүлж давтаад л. Чи ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. С.Зоригийг алсан хүнийг санаатай будилуулдаг. Алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ.

Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг бид мэднэ. Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход, би Америкийн элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэхийг хүсэж байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулдаг, хэн өөрчилж тараадгийг хуульчид хэлнэ.

Юун түүнд Ерөнхий сайд оролцох. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай, тийм санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн. Би энэ тухай хэнтэй ч, хэзээ ч ярихаас цааргалж байгаагүй ээ. Хамгийн сүүлд олон хүний дунд шууд нээлттэй 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст ярьсан яриа миний фэйсбүүкт бий.

Манай хууль шүүхийн байгууллагын ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд, хялбар хүмүүс биш. Тэд тусгай мэргэжил эзэмшсэн, хууль барьж ажилладаг хүмүүс. Хуульчийн мэргэжил бол өөрийн онол арга зүй, дэс дараалалтай. Зүгээр нэг дурын гялгар хамартай гачигаарт тохиолдлоор хариуцлагатай ажил үүрүүлнэ гэж байхгүй. Зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье. Илэрсэн хэрэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэлгэрэнгүй танилцана. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч, Миеэгомбын Энхболд УИХ-ын дарга, Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Ба, бэ-гүй бичлэг нь байгаа. Тэд мэднэ, түүнийг ил болго. Нийгэм тэр чигээрээ харж байгаа.

Чи юу хийснээ харж байна уу. Телевизээр бэлдсэн 2 цаг 25 минутын рекламаа цацуулж чадсан ч, хүмүүст тэр хогоо хүчээр үзүүлж чадахгүй. Эхлэлийг нь хараад ой гутлаа, сэжиг хүрэм гэж хүмүүс бичиж байна. Чи ковидыг амжилт гэж тархи угаалтаар нэвтрүүлгээ эхэлсэн. Ковидоор монголчууд яаж зовж шаналсныг, албан тушаалтнууд иргэдийг яаж доромжилж байсныг, яаж завшиж идэж уусныг мэдэхгүй байна гэж үү.  

Одоо ч сандал нь эзгүй олон айл өрх байгаа. Хэдэн их наядын зардлын тайлан тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их мөнгө боссон. Чиний ажил дандаа хоёр нүүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүс л сайн сайхан амьдарч байгаа. Бусдынх нь амьдрал 00 заасан. Чамайг хүмүүс 00 гэж дуудаж байгаа.

Чи авлигатай тэмцэж байна гэж хашгирдаг. Гэтэл төрийн хулгай дээрэм, хүнд суртал газар сайгүй нэмэгдсэн. Чи бүтээлч иргэн ажил хөдөлмөр эрхлэх орон зай алга.

Монголд шүүх шиг дарамттай, их ажилтай институт байхгүй. Үйлдвэрчин, пиарчингүй газар. Чиний үгэнд орохгүй байна уу. Тэгвэл шүүх бие даасан байдлаа бага ч гэсэн хадгалж байгаа юм байна. Миний үед шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод болсон. Шүүх ч болоход Ерөнхийлөгчийн ямар ч оролцоогүй болгосон. Шударга хүн шүүх рүү дайрдаггүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.