УОК-оос зудын эрсдэл үнэлгээ, цаг агаарын сэрээмжлүүлгийн талаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү:
-Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон нь өмнөх сараас буурсан дүн. Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн хэвээр байна. Малын хорогдол гуравдугаар сарын 7-нд шинэчлэгдэн гарсан. Өнөөдрийн байдлаар 3.9 сая толгой мал хорогджээ.
Зэвсэгт хүчний анги байгууллагуудаас хаваржилт хүндэрч цас их орсон гэр, хашаа цасанд дарагдсан айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баян-Өлгий, Булган, Дорнод, Төв, Сүхбаатар аймгууд руу хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэсэн.
19 сум 22 техник 244 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж өнөөдрийн байдлаар цасанд дарагдсан 447 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж183 өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.
Өнөөдрийн байдлаар 4704 малчин өрхөд түлээ түлш хүргэх, 13925 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, 4363 өрхөд хоол хүнсний тусламжийг хүргэсэн. Мөн 2194 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж 229 эмийн багцыг айл өрхүүдэд олгосон.
Сумын эрүүл мэндийн төвд 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт найм, өрхийн эрүүл мэндийн төвд 31, аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн оношилгоо эмчилгээний төвд 47 резидент эмч үүрэг гүйцэтгэж аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүч нэмэгдүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.