Хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ХЭҮК-ын 21, 22 дахь илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэн хэлэлцлээ. Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
-Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Улмаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн дараах ахиц дэвшил, үр дүн гараад байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталсан.
УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилсан.
Үндэсний өв соёлыг тээж байгаа хурдан морины уралдаан байх ёстой гэвэл тийм. Гэхдээ өвөл, хаврын уралдааныг хориглох нь зүйтэй. Яагаад гэхээр өвөл, хаврын уралдааны үеэр хүүхдүүд маш ихээр гэмтсэн байдаг.
Аймгуудад Засаг даргын орлогчоор ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажилладаг. Энэ хороо хангалтгүй ажиллаж байгаа. Засаг даргын орлогч, цагдаа, төрийн албан хаагчид, хүүхдийн эрхийн байгууллагын төлөөлөл энэ хороонд орж ажилладаг. Төрийн албан хаагчид ажлынхаа хажуугаар тус хороонд орж ажилладаг. Тус хороонд зориулагдсан төсөв санхүүжилт байдаггүйгээс хамаарч үйл ажиллагаа нь тааруу байна. Энэ тал дээр зөвлөмж санал гаргаж байна. Гэхдээ сайн ажиллаж байгаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ч бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.