СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хахууль авч, компаниудад давуу байдал олгосон татварын байцаагчид торгох ял оноов

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Амаржаргалд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх торгох ял шийтгэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн татварын зөрчлийг арилгах, системд шивсэн тайланг засварлаж байсныхаа хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Амаржаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан юм байна. Хүсэлтийг нь НПГ-ын хяналтын прокурор Б.Ууганбаяр хүлээн аваад шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Улмаар өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, Ш.Амаржаргалыг хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж 14 000 нэгж буюу 14 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтсан аж. Тэдгээрийн нэг нь эл татварын байцаагчтай холбоотой үйлдэл юм. Үүнээс гадна Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Ариунтуяа иргэн Ч.У-г гэрээт ажилтнаар томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авч, давуу байдал бий болгосон хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.