ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Засгийн хуралдааны мэдээллийн үеэр “50кг-ын нэг шуудай 1-р гурил 120-130 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа нь малчид төдийгүй нийт ард иргэдэд дарамт болж байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо" гэсэн юм.
Харин “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн уг асуудалд “Гурилын үйлдвэрүүдийн ашиг руу дахин дайраад эхэллээ. 15 хувь ч хүрэхгүй, ганц хоёр тэрбум л гардаг. Гэтэл хэдэн зуун тэрбум, их наядын ашигтай банкнууд байж л байна. Бусад хүнсний АПУ, Талх чихэр, Махимпэкс, Сүү гэх газрууд илүү маржинтай байж л байдаг. Төрийн ялгаварлан гадуурхал” гэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Бүх үе шат бүртээ хөнгөлөлт, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авч эцсийн бүтээгдэхүүн болсон танай дээд гурил 1кг 2300 орчим. Гэтэл адилхан бүх үе шатаа дамжсан, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500₮-1800₮ (1кг) болж байгааг тайлбарлана уу?
“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:
-Аливаа үйлдвэрлэлийн орц нь түүхий эд (бидний хувьд улаан буудай). Намар бүр тариаланчид сонгогчдыг дэмжиж төрөөс үнэ тогтоож худалдан авалт хийдэг. Энэ үнэ оросын зах зээлээс 2,5 дахин өндөр буюу өнгөрсөн намар дахин өсгөж 1-1,2 сая төгрөг болгосон. Үүнийг үйлдвэрүүд тээрэмдээд гурил хивэг болгож нийлүүлж буудайн дундаж үнийг 1,6 сая төгрөг болгож борлуулдаг. Үүнд бүхий л зардал, татвар, элэгдэл, ашиг ордог. Нэг үгээр 1тн буудайн дээр бүх юм ороод ердөө 60 хувь нэмэгддэг гэсэн үг. Та бүхэн гурил элдэв аргаар хилээр оруулахыг чөлөөлж болно, асуудалгүй. Бид намар хүртэл үйлдвэрлэлээ зогсоочихно. Бас асуудалгүй. Харин бид тариаланчдаас намар авах буудайн үнийг 500-600 төгрөгөөр худалдаж авахаас өөр аргагүй болохыг удахгүй зарлах болов уу. Ийм үнээр тариаланчид тариа тарихгүй л болов уу. Монголын газар тариаланг үйлдвэрүүдтэй хамт ОроZ-ын хараат байдалд оруулах нь танай төрийн бодлого юм уу? Сайтар эргэцүүл.
Манай дээд гурилын үнэ 3000 хүрсэн ч хэрэглэгчид авна. Эрэлт ихтэй нийлүүлэлт багатай учир. Нөгөөтээгүүр бүх юмны үнэ өсөж буй явдал нь бараа бус мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөс болж буйг ойлгоно уу. Мөнгөний нийлүүлэлт 28 хувь, зээл тэлэлт 32 хувь өсөх нь эдийн засгийн өсөлт авчрах ч юмны үнийг өсгөж буй гол шалтгаан юм. Тиймээс дээдийн дээд, ширхэгтэй дээд, дээд зэрэг манай гурилыг уралдаж авах мөнгө их байгаа тул үнийг нь өсөөд байгаа юм даа гэв.
Харин энэ талаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун:
-Засгийн газраас гурилын импортын татварыг хугацаагүй тэглэх шийдвэр гаргасныг дэмжиж байгаа. Гурилын зах зээл бол үнэхээр монополжсон зах зээл. Нийт гурилын зах зээл дээр 3-4-хөн том компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 43 хувийг нь ах дүү хоёрын компани эзэлдэг. Үгсэж үнэ өсгөлөө хариуцлага тооцно, хуулийн дагуу давамгай байдалтай ААН-ээр тогтооно гэхээр "Тэгвэл бид гурилын үйлдвэрлэлээ зогсооно" гэж дарамт үзүүлдэг. Ийм нөхцөлд импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг нэмэгдүүлж, монополыг задлахаас өөр гарц байхгүй. Эсхүл шантаажлуулаад үгсэж үнэ өсгөхийг хараад чимээгүй суух гэсэн сонголт л үлдэж байна гэжээ.
2023 онд ШӨХТГ-аас гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, “Алтан тариа” ХХК буудайн гурилын үнийг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж, 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байв. Улмаар “Алтан тариа” ХХК-иас тус торгуулийг үндэслэлгүй гэж үзэн, гурилынхаа үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмж, хэрэглэгчдийн халааснаас уг торгуулийг гаргах бодлого гаргаж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.