Р.О.Сулливан: Би спортдоо хайртай ч эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна
Герман улсын Берлин хотноо мэргэжлийн снукер биллиардын уламжлалт Герман Мастерс тэмцээн зохион байгуулагдаж байна.
1995 оноос эхлэлтэй тус тэмцээн нь дэлхийн чансааны оноо олгодог уламжлалт тэмцээн юм. Нэгдүгээр сарын 29-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд одоогийн байдлаар шөвгийн найман тамирчин тунан үлдээд байгаа ба эдгээр найман тамирчнаас үзэгчдийн анхаарлын төвд байгаа учраа бол дэлхийн аваргуудын дуэль юм. Тодруулбал шөвгийн наймд дэлхийн дөрвөн удаагийн аварга, домогт Жон Хиггинс болон 2019 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Жадд Трамп нар шөвгийн наймд учраа таараад байна. Хоёр тамирчны хувьд өмнө нь 49 удаа учраа таарахад 26 удаад нь Жон Хиггинс аварга хожиж байсан хэдий ч сүүлийн хоёр тоглолт болох 2023 оны English Open тэмцээний хагас шигшээ болон 2023 оны Европын мастерс тэмцээний хагас шигшээд учраа таарахад Жадд Трамп хожил байгуулаад байгаа юм.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Ронни О Сулливан хэдийгээр Герман Мастерс тэмцээнд оролцох ёстой байсан хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар татгалзсан билээ. Өнгөрөгч оны 11 дүгээр сараас хойш нэг ч тэмцээнд хожигдоогүй яваа түүний хувьд Герман Мастерс тэмцээний урьдчилсан шатанд тоглох ёстой байсан ч өөрийн Х хуудастаа "Би Герман дахь өөрийн шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуймаар байна. Хэдий би спортдоо хайртай ч өөрийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих ёстой. Энэ улирал надад дэндүү хүнд, ачаалал хэт их байна. Уучилж ойлгохыг хүсье" хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн тус тэмцээнд Мартин Гулд эрүүл мэндийн шалтгаанаар, Ираны тамирчин Хоссейн Вафай визний асуудлаас үүдэлтэйгээр өнжсөн билээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.