Х.Нямбаатар: Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийхгүй
Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өчигдөр /2024.01.20/ өглөөнөөс явж эхэлсэн.
Нийслэлийн удирдлагууд “Иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн” хэмээн тайлбарлаж буй ч шинэ маршрут нь иргэдийг ихээхэн бухимдуулж байна.
НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар иргэдийн бухимдлын хариуд өөрийн цахим хуудсаар дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр "Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй "нийслэл хот" манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй.
28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига, хээл хахуул, ашиг сонирхол нуугдсаар ирсэн. Юу гэвэл хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан. Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй.
Энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эргээд л түгжирцгээлээ. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу.
Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөд шинэчлэл хийхээр зорьсон нь олон нийтийг бухимдуулах гээгүй. Алдаа мадаг гаргасан бол тухай бүрд нь засаж залруулаад явах нь зүйтэй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.