Хотод тархсан өмхий үнэрийн шалтгааныг тодруулах үүргийг хотын дарга өгчээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2024.01.18/ өмхий үнэр их хэмжээгээр үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн цахим сүлжээнд бичиж эхэлсэн.

Энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тодруулахад "Хотод тархсан үнэрийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Төв цэвэрлэхээс тодруулах боломжтой. Манай урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж байгаа ч суурин харуулуудаас харахад зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхэр их гарсан. Хэрэв шахмал түлшнээс болж өмхий үнэр гарсан бол бүх зүгт адил хүхэр өндөр гарна. Өнөөдөр 04:00 цагаас эхэлж өмхий үнэр тархсан бөгөөд суурин харуулуудын дүнгээр өглөө салхи баруун урдаас зүүн хойш чиглэлтэй байхад ихээр үнэртэж байсан. Харин салхины чиглэл өөрчлөгдөхөд үнэр багасаж байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой" гэх тайлбарыг өгсөн юм.

Харин хотод тархсан өмхий үнэрийн шалтгааныг тодруулах үүргийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох хүмүүст өгсөн, шалтгаан тодорхой болоогүй байна гэж нийслэлийн олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.