НЗДТГ-аас нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийж буй. Ингэхдээ ирэх сараас 600 автобус шинэчлэгдэн дуусаж, автобусны нэг удаагийн зорчилтыг 1000 төгрөг болгож, тухайн өдөртөө 4 удаа дамжин суух эрх олгох юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хүргэлээ.
НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Хоёрдугаар сарын 4-нд сүүлийн автобуснууд орж ирснээр 600 автобусны шинэчлэлт хийгдэж дуусна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 450 автобус шинэчлэгдсэн. Ингэснээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1000 автобус шинэчлэгдэж байна.
Эдийн засгийн хувьд төрөөс бүрэн хараат. Төсвийн мөнгийг харж нийтийн тээврийн шинэчлэлт хийгддэг тогтолцоог халахын тулд нийтийн тээврийн санг байгуулж байгаа. Нийтийн тээврийн санд төвлөрсөн мөнгөөр автобуснуудыг тухай бүрт нь шинэчлэх болно.
Уг санг яаж бүрдүүлэх вэ гэхээр шинээр орж ирж буй автобуснуудыг ААН-д өгнө. Хувийн ААН-д өгөхдөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулна. Ингээд уг төлөлтөөр дараа дараагийн автобус шинэчлэлтийг цаг алдахгүй хийгээд явна.
Нийтийн тээврийн тарифын шинэчлэлт
-Нийт зорчигчдын 55 гаруй хувь нь хөнгөлөлттэй зорчдог. Эдгээр хүмүүсийн зорчсон нөхөн төлбөрийг төрөөс олгодог. Тэгвэл суусан зорчигчдын тоогоор автобус компаниудад энэ нөхөн санхүүжилтийг олгодог тогтолцоо руу орно. Зорчигчдын тоог автобусны карт уншилтаар тооцно. Өдөрт 1000 төгрөг төлөөд дөрвөн удаа дамжин суух боломжийг өгч байгаа. Бэлэн мөнгө төлөөд суудаг байдал халагдана гэсэн үг. Учир нь иргэн автобусанд нэг удаа суухдаа жолоочид 1000 төгрөг өгөөд сууснаас картаа уншуулаад дөрвөн удаа үнэгүй суух нь илүү хямд тусна.
Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлт
-Хотын баруун хойд зүгээс гарсан автобус зүүн урд зүгт очдог. Энэ маршрутын тогтолцоо нийтийн тээврийн хүртээмжийг багасгадаг. Нэг талдаа түгжрэл үүсвэл бүх автобуснууд саатаж, буцах чиглэлд хүртээмжгүй байдал үүсдэг. Тиймээс энэ чиглэлийг өөрчилж богино эргэлтэд оруулна. Төвийн шугам буюу Энхтайвангийн өргөн чөлөө дагуу 70 гаруй автобус явна. Босоо болон хөндлөн чиглэлийн гол замууд, тойрог замууд, туслах чиглэлүүд буюу гэр хороолол өндөржилттэй бүсэд дунд оврын автобуснууд явна. Дунд оврын автобуснууд том оврын автобуснууд явдаг чиглэлд очиж зорчигчдоо буулгадаг тогтолцоо руу шилжиж байгаа гэсэн үг. Энэ нь дамжин суух тохиолдол үүсгэж байгаа ч нийтийн тээврийн хүлээгддэг байдлыг халж хүртээмжийг бий болгоно.
Нийтийн тээврийн алба хаагч нарын цалингийн шинэчлэлт
-Нийтийн тээврийн жолооч нарын цалинг хамгийн багадаа 3 саяас 3 сая 500 мянган төгрөг болгоно. Учир нь том оврын автобус барьдаг жолооч нар уурхай руу явах тохиолдол ихсэж байгаа. Ажиллах хүчнээ авч үлдэхийн тулд хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэх хөшүүрэг бий болж байна. Ингэснээр жолооч нарт иргэдтэй соёлтой харьцах шаардлага тавьж, хариуцлага тооцох ч боломжтой болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.