УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсрууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, уйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институтээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй нь шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Хуулийн төсөл, танилцуулгад олон нийтээс санал авахаар dparliament веб сайтад 2023 оны 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 13-ны хугацаанд байршуулан нээлттэй хэлэлцүүлсэн.
Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсрууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадгаар зүйлд зааснаар “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна; Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан нь ашигт малтмалын өмчлөгч нь төр байх ба энэ утгаараа тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий субъект нь Төрийн захиргааны байгууллага байхыг хуульчилсан байна. Мөн Монгол Улсын 2006 оны Ашигт Малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” бөгөөд “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан байна.
Оролцогч талуудын харилцан итгэлцэлд суурилсан хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд олон нийтийн бодитой оролцоог хангах, эрх, ашиг сонирхлыг нь хөндөх асуудлаар тэднээс чөлөөт, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрөл авах нь чухал ач холбогдолтой.
Монгол Улсад эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэдтэй бодитоор зөвшилцөх, тэднээс чөлөөт, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрөл авах олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлэхэд бодитой ахиц гарахгүй байгаа бөгөөд зарим тохиолдолд ухралт ажиглагдаж байна. Ийнхүү иргэдтэй бодитоор зөвшилцөх зохицуулалт шаарлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулав.
Хуулийн төсөл, танилцуулгад олон нийтээс санал авахаар dparliament вэб сайтад 2023 оны 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 13-ны хугацаанд байршуулан нээлттэй хэлэлцүүлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.