СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-27

"Шатахууны үнийг тогтвортой хадгалах" нэрийдлээр тогтворгүй болгожээ дээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Нийслэлчүүдийг урт дараалалт зогсоож, бараа бүтээгдэхүүн, тээврийн үйлчилгээний үнийг хөөрөгдөөд байгаа шатахууны хомстолд төр буруутай талаар бид өмнө нь өгүүлж байсан. "Ерөөс төр шатахуун, түлшний асуудалд хөндлөнгөөс оролцож болдоггүй, оролцохоор хомстолд ордог. Оролцох ганцхан зүйл байдаг нь улсын нөөц бүрдүүлэх явдал юм аа" хэмээн Тагнуулын ерөнхий газрын дарга, ҮАБЗ-ийн НБД-аар ажиллаж байсан Р.Болд өгүүлсэн байдаг нь асуудлын голыг шууд олоод хэлчихсэн хэрэг. 

Төр хэрхэн оролцож, одоогийн хомстолыг үүсгэснийг баримт түшин товчхон өгүүлье. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 7-нд Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзжээ. Уулзалтаар хэд хэдэн асуудлын талаар ярилцсаны дотор 2022 он хүртэл тогтвортой, нэг үнээр авахаар тохирсон түлш, шатахууны хэлэлцээрийг 2027 он хүртэл сунгасан байдаг.

Сонсоход баярламаар үйл явдал. Дэлхий дээр түлш, шатахууны үнэ хэдэн доллараар өслөө ч хамаагүй, 2027 он хүртэл нэг үнээр авна гэсэн мэдээг монголчууд талархан хүлээж авсан нь дамжиггүй. Тухайн үеийн хэлэлцээрээр 10 хувийн хямд үнээр олон жилийн турш авахаар тохирсон байдаг. 

Энэ дагуу гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлахад, АИ-92 шатахуун багтжээ. 

Гэтэл энэ нь бодит байдал дээрээ Монголын нефть импортлогч компаниудыг буланд шахчихжээ. Учир нь "олон жил нэг үнээр тогтвортой нийлүүлэх" хүсэлт тавингуут Оросын тал хөнгөлөлтийг нь байхгүй болгоод, мөнгөө 100 хувь урьдчилж өгөх болзол тавьчихсан юм байна.

Өмнө нь яахав дээ, манай нефть импортлогч компаниуд олон жилийн хамтын ажиллагаатай Роснефть болон бусад нийлүүлэгчдээс зээлээр, эсвэл урьдчилгаа хэдэн цаас өгөөд авчихдаг байж л дээ. Тэр нь байхгүй болчихож. Бариа зөрүүн дээр өгөхгүй бол оросууд хөдлөхөө больчихож. Нөгөөтэйгүүр, манай нефть импортлогч компаниуд Оросын өөр ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг байтал дээрх хэлэлцээрээс болоод нөгөө хэд нь зах зээлээс шахагдаад, зөвхөн Роснефть монопол болоод үлдчихжээ. Монопол компани хөгжмөө тоглож эхэлж. 

Товчдоо ийм л зүйлийн улмаас шатахуун хомстол хоёр сарын турш арилахгүй байгаад байгаа юмсанж. Тогтвортой үнээр нийлүүлэх төрийн бодлого энэ салбарыг тогтворгүй болгож орхижээ. 

Үүнээс гарах ганцхан арга нь үнэ чөлөөлөх явдал. Өөрөөр хэлбэл, энэ салбарт төр оролцохоо больсон цагт шатахууны хомстол арилна. Өөр ямар ч гарц үгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.