Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно”

Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан асуудал дахин гарчээ. Тодруулбал, Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зоджээ.

Энэ байдал есдүгээр сараас эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэх ойлголт суулгасан байжээ. Сургалт орох үедээ хэт их зодсон хүүхдүүддээ чихэр өгч аргадаад гаргадаг байсан талаар эцэг, эхчүүд хэлж байна.

Эцэг эхийн төлөөлөл: 

-Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайх хүүхдээ есдүгээр сарын 1-нээс тус сургалтад явуулж эхэлсэн. Ингэхэд хүүхэд маань "Соробан сампинд дургүй" гэж хэлдэг байсан. Өнгөрсөн хоёр дахь өдөр хүүхдийн маань дух шалбарсан байсан. Ангийнх нь багшаас асуухад "Соробан сампины сургалтаасаа орж ирэхдээ ийм болсон байсан" гэсэн. Тухайн үедээ сургалтын багш ингэнэ гэж бодоогүй ангийнхаа хүүхэдтэй муудалцсан байх гэж бодсон.

-Мягмар гарагт хүүхдээ автал хүзүү дээр нь гурван ширхэг том хүний хумсны сорви үүссэн байсан. Хүүхдээсээ асуутал "Соробан сампины багш бүх хүүхдүүдийг зодсон. Толгой руу нь балаар цохидог. Аймар зоддог" гэж хэлсэн.

Эрхлэгчийн өрөөнд сургалтын багштай нь уулзтал "Сүртэй юм бэ. Танай хүүхэд тоондоо сайн болохоор бараг зодуулдаггүй ш дээ. Бүх хүүхдүүдийг толгой руу нь цохиж хичээлийн хийлгэдэг" гэх зэрэг зүйлс хэлсэн.

"Камерын бичлэг шүүж үзнэ" гэтэл эрхлэгч, сургалтын багш хоёр сандралдаж "Тохиръё, асуудлыг цаашаа битгий гарга, мөнгө төгрөг өгье" гэх санал тавьсан. Эрхлэгч хүртэл мөнгөөр учраа олох хандлага гаргасан.

.

Энэ хүчирхийлэл есдүгээр сараас эхэлсэн байна лээ. Хүүхдээсээ яагаад ээждээ хэлдэггүй байсныг асуутал багш нь “ Их зодсон хүүхдүүддээ чихэр өгч аргаддаг байсан байна лээ. Нэг удаа багш нь хэтэрхий их даалгавар өгөөд 20 бодлого бодоод "Одоо болно оо" гээд унтуулахад, үүрийн 4 цагт сэрээд “Даалгавраа дуусгаагүй багшаасаа айгаад байна" гэж уйлж байсан гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.