СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-12-01

🔴ЧУУЛГАН: Баруун гурван аймгаар гурил оруулж ирэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар чуулганы хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, мэдээлэл өгөв. Тус мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрсэн. Тэр үеэр Шадар сайд орон нутгаар явж малчдад тэжээл өгсөн. Нэг малчин өрхөд 2-3 шуудай тэжээл өгөхөд хэдэн мал тэжээх вэ дээ. Нөөцийн өвс, тэжээлээр бүх малчдыг хангах боломжгүй. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж хамаагүй зарцуулж болохгүй. Тиймээс хямд тэжээл авах боломжийг хангах талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?

Ховд аймгийн иргэд 50 кг-ын шуудай гурил 120 мянгаар гурил иддэг. ОХУ-аас 56 мянгаар 1-р гурил идэх боломж байна. одоо рублийн ханшийн өсөлтөөр 61 мянган төгрөг болоод байна. иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой байхад Засгийн газар яагаад улаан буудайн импортлохыг хориглож байгаа юм бэ. Засгийн газар энэ талаар ямар арга хэмжээ авах вэ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: 

-Баруун аймгуудад гурил, будаа бусдаас үнэтэй байгаа нь үнэн. Баруун аймагт төв, зүүн бүсэд 50 кг-ын гурил 100 мянга байхад, баруун аймагт 120 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тиймээс гэж төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Би УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо 22 сумаар явж, иргэд сонгогчидтой уулзаж өвөлжилтийн байдалтай танилцлаа. Өвөл болоход хүйтэн болно гэдэг шиг энэ жил үнэхээр зуд болж байна. Хөдөөгийн эмнэлэгт эмийн эргэлтийн сан нөөцгүй эм, тариа байхгүй байна. Энэ асуудалд анхаарах цаг болсон. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүндэрсэн байна. Завхан аймагт дизелт түлш, АИ-92 бензиний нөөцгүй байна. Сум, орон нутгийн эмнэлэг машин техникгүй байна. Манай Завхан аймгийн 17 сумын эмнэлэг түргэний машингүйгээс төрийн үйлчилгээнд хувийн машин техникээ хэрэглэж байна. Хувийн машинаар төрийн ажилд явж байгаад асуудал үүсвэл хэн хариуцах вэ?

Шадар сайд С.Амарсайхан:

- Мэдээж тусална. Гэхдээ хандивын байгууллага биш. Орон нутгийн удирдлагууд энэ асуудлаа төсөв дээрээ тусгаж шийдэх хэрэгтэй. Зун болохоор бүх зовлонгоо мартчихаад өвөл болохоор зуд анх удаа болж байгаа юм шиг хандлагаа орон нутаг болих хэрэгтэй. УОК-оос зарим аймаг нутагт бензин, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж байгаа. Малчид өвөлжөөнийхөө стандартыг сайжруулж, малыг өвөл дулаан эрсдэлгүй өвөлжүүлэх тал дээр сэтгэлгээний болон зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Яг энэ байдлаараа цаашид уур амьсгалын өөрчлөлтөөр үер, зуд болох нь улам нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Манай улсын эрчим хүчний станцууд суурилагдсан хүчин чадлаасаа 6-7 хувь илүү ачаалалтай байдаг. Эхний арван сарын байдлаар гаднаас авч буй эрчим хүч 22 хувиар нэмэгдсэн байна. Энэ юунаас болж байна. Бөөрөлжүүт, Тавантолгойн ДЦС-ын асуудал юу болж байна вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад импортолсон эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Манай хэрэглээ нэмэгдээд байгаа. Жишээлбэл өнгөрсөн жил 84 мега ваттаар нэмэгдэж байсан. Гэтэл өнгөрсөн сард 203 мега ваттаар нэмэгдсэн. Гэхдээ рублийн ханш суларсан учраас ОХУ-аас импортолж буй эрчим хүчний мөнгөн дүнгээрээ хэмнэгдсэн. 

Бөөрөлжүүт ДЦС-ын нэгдүгээр 150 мега ваттын хүчин чадалтай станцыг 2024 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Тавантолгойн ДЦС-ыг 300 мега ваттын хүчин чадалтайгаар тендер зарласан. Долдугаар сарын 27-нд хоёр компани тендерт орж ирсэн. Харамсалтай нь тус хоёр компани хоорондоо шүүхийн маргаантай явж байгаа.  

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: 

-Төрийн хэмнэлтийн хуулиар дарга нарыг машин унахыг хориглочихсон. Хөдөө аж ахуйн газрын даргыг хүртэл машин унахыг хориглочихсон. Тэгэхээр яаж ажлаа хийх юм бэ. Зөвхөн ширээний ард суугаад ажил хийж болохгүй шүү дээ. Төрийн хэмнэлтийн хуулийг эргэн харж, Засгийн газар өөрчлөлт хийхэд анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нэн яаралтай журмаар боловсруулан оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сумдын Засаг дарга нар ч бензин нормативээс болж малчдаар эргэх боломж бололцоо хязгаарлагдсан байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.