?Д.Амарбаясгалан: Ипотекийн зээлийг орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ давуу байдлаар олгоно
Ипотекийн зээлийг орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ давуу байдлаар олгох асуудал дээр Засгийн газраас улс төрийн бодлого гарган ажиллана гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд НӨАТ-ыг таван хувьд хүргэх асуудал тусгагдаагүй. Өргөн баригдсанаас хойш УИХ-ын дарга болон зарим гишүүдээс санал гаргаад энэ асуудал явж байна. Энэ нийгмийн аль хэсгийгээ дэмжсэн бодлого вэ гэдэг нь эргэлзээтэй асуудал юм. Нийт худалдан авалтын 70 орчим хувийг нийт НӨАТ төлөгчдийн 30 хувь нь хийдэг гэх тооцоо судалгаа байна. Энэ асуудлыг улс төр гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан үзэх ёстой. Олон улсад НӨАТ-аа орлох нь эрсдэл дагуулсан жишээ байна. Эдийн засгийн бодит нөхцөлөө дүгнэж, олон талаас нь харж бүлэг дээр ярилцана.
Ипотекийн зээлийн тухайд Монголбанк энэ ондоо багтааж Засгийн газарт эрхээ шилжүүлэх асуудал ярьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлт, татан төвлөрүүлэлт гээд олон зүйлс дээр Монголбанк арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Харин ирэх жилээс эхлээд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа орлогыг богино хугацаанд хөдөө орон нутагт байгаа иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ давуу байдлаар олгох асуудал дээр Засгийн газраас улс төрийн бодлого гаргаж дэмжиж ажиллахыг зорьж байна.
2019 оноос хойш цар тахал дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлж, зээл гэдэг зүйлс хумигдаж эхэлсэн. Манай улсын тухайд ч бодлогын хүүгээ хатуу барьж инфляцыг тогтвортой барих чиглэлд ажиллаж байна. Монголбанкнаас орлогыг буцааж ипотекийн зээлийн хэмжээнд гаргах тал дээр ажиллаж байна. Цаашлаад Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк хамтраад шинэ эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажиллаж байна. Орон нутгийн амьдардаг иргэдэд тавих орон сууцны зээлийн тавьж байгаа шаардлага шалгуур хэт өндөр байна. Иймд эдгээр иргэдэд илүү давуу боломж олгож, дэд бүтцийн хангамжийг бий болгох хөдөөгийн сэргэлтийн бодлогыг тууштай дэмжих бодлогыг бүх түвшинд барьж ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.