900 саяыг зарцуулсан Нисэх - Яармагийн чиглэлийн замын хашлагыг буулгаж байна

Нисэх - Яармагийн чиглэлд нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжоор хангах үүднээс нэгдүгээр эгнээг нь төмөр хашлагаар тусгаарлаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр тус хашлагыг хэсэгчлэн буулгах ажлыг зохион байгуулж байна. Учир нь иргэдийн зүгээс нэгдүгээр эгнээг төмөр хашлагатай болгосноор эсрэгээрээ замын хөдөлгөөнд саад учруулж, улмаар авто осол гарах эрсдэл бий болсон хэмээн үзэж буй юм.

Иймд иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хашлагыг хэсэгчлэн буулгах ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллаж буй юм.

Тэрбээр “Нисэх - Яармагийн чиглэлийн төмөр хайсыг хэсэгчлэн буулгаж байна. Автобусны буудал болон шаардлагатай газар хэвээр нь үлдээнэ. Замын уулзвар, тойрог зам дээр том оврын автомашин эргэх зэрэгт хүндрэл бэрхшээл үүсэж байгаа учраас хэсэгчлэн хашлагуудыг чөлөөлж байна. Нэг жилийн хугацаанд автомашин хашлагыг мөргөсөн 12 удаагийн осол гарсан” гэлээ.

Мөн түүний өгсөн мэдээллээр Нисэх - Яармагийн чиглэлийн төмөр хашлагыг 2022 оны есдүгээр сард байршуулсан ба нийт 900 сая төгрөг зарцуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.