Д.Хулан: Охинд минь тохиолдсон зүйлд нийтээрээ баярлаж байгаад гутран харамсаж байна

"Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү дээрэмдүүлсэн. Хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцоолж байна" хэмээн “Европ 1” мэдээллийн агентлаг мэдээлсэн билээ. 

Болсон явдлын тухайд гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, гэргий "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж явсан. Гэтэл скүтэр унасан хоёр гэмт этгээд машины арын цонхыг хагалж, Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэжээ. 

Энэ талаар Н.Цэлмүүний ах Н.Номтойбаяр "Францад дүрвэгч дээрэмчинтэй харин ч ганцаараа барьцалдаж, үзэлцсэн дүүгээрээ бахархах, эрүүл мэндээрээ хохироогүйд баярлах л байна" гэсэн бол, Н.Цэлмүүн болсон явдлын талаар "Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцолъё" гэжээ.

Харин, "МАК" группийн дэд ерөнхийлөгч бөгөөд Н.Цэлмүүний ээж Д.Хулан "Охинд минь тохиолдсон явдалд нийтээрээ халаглан харамсах биш, баярлан хүлээн авч буйд гутран харамсаж байна" гэжээ.

Тэрбээр цааш нь, "Төрд ноёрхсон хулгайчуудын сөрөг үр дагавар нь нийгмийн сэтгэл зүйг улам гажуудуулж, шударгаар хөдөлмөрлөснийг үнэгүйдүүлж өөрсөдтэйгээ адилхан харагдуулахыг хичээж байна. Ганц хадаас хувьчлалгүй, ганц тендер хусалгүй, зээл авч лицензээ үйлдвэр болгож, эх орон, ирээдүй хойчийн төлөө л шударгаар хөдөлмөрлөсөн бид яахав вэ, учирсан саад бэрхшээлийг амжилт болгон хувиргана. Харин боломжийг тань хулгайлаад байгаа жинхэнэ хулгайчдаа сонгоод улам дордоод яваа тань таны сэтгэлийн бохирдолтой бас холбоотой шүү" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.