? Б.Энхбаяр: Мөрдөн байцаалтын нууц задалж буй хууль сахиулагчдад зориулж "Бие даасан мөрдөн шалгах алба" байгуулна

ХЗДХ-ийн шинэ сайд Б.Энхбаяр өнөөдөр /2023.10.07/ хууль сахиулагчидтай уулзав.

Энэ үеэрээ тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд миний биеийг дуудаж бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шуурхай үүрэг даалгавар өгсөн. Энд бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оноох ялыг чангаруулж, 20 жил ялладаг байдлыг 25 жил хүртэл хорих болгож нэмэгдүүлэх, гэмт этгээдийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байхаар хуульчилна.

Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт оногдуулж байгаа торгох ялыг хүчингүй болгож, хорих ялаар солих. Авлига албан тушаалын болон бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгтэнд магадлангаар суллахгүй байхыг ирэх долоо хоногийн ЗГХ-аар оруулж шийдвэрлүүлнэ. 

Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж бий. Энэ хил хязгаар нь хүний эрх юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор, эх сурвалжтайгаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалдаг байдлыг нэн даруй таслан зогсоохыг сайдын хувьд шаардаж байна. Үүрэг болгож байна.

Энэ бол гэмт хэрэг. Энэ хэргийн хариуцлага нь торгох, зорчих эрхийг хязгаарлах ялтай байна. ХЗДХ-ийн сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийн оролцоотой үйлдэгддэг, шалгаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг байдлыг таслах зогсоохын тулд тэдэнд оноох ял шийтгэлийг чангаруулах саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ.

Хэрэв энэ асуудал таслан зогсоогдохгүй бол хууль сахиулагчдын оролцоотой үйлдэж байгаа гэмт хэргийг бие даан мөрдөн шалгадаг алба байгуулж шалгахыг үгүйсгэхгүй. Сануулж хэлж байна.

Олон нийтэд хандаж хэлэхэд, Та бүхэн бага насны хүүхдийн хохирогчтой ийм төрлийн хэрэгт туйлын ухаалаг хүлээцтэй байгаарай, хүн байгаарай. Хохирогчийн зургийг нийтлэх, гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх нь талийгаачийг үл хүндэтгэж байгаа хэрэг болно. Хүн бүрт нэр төр, эрхэмсэг оршихуй байдаг. Худал мэдээлэл тараах, олныг цочирдуулах нь энэ гэмт хэргийн золиосыг нийтээр нь хохирогч болгож хувирдаг гэмтэй. Хүн байж, талийгаачийг үнэхээр хайрлаж байгаа бол хүндэтгэлтэй хандаж, энэ асуудлыг түгээх дээр анхааралтай хандахыг хүсье. 

Эцэст нь цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнүүдийн хувьд "Илд" нь байх үүргээ хариуцлагатай хийцгээ. Би хамгаалагч нь байя. Ард иргэдийнхээ хувьд та бүхэн гэмт хэрэгтнээс хамгаалах бамбай байгаарай" гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.