СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-06

🔴 С.Бямбацогт: МИАТ ХК орон нутаг руу алдагдалгүй, бас ашиггүй нислэг үйлдэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МИАТ компани үнэхээр зах зээлийн зарчмын дагуу үнээ буулгаж байна уу. Сонгуульд зориулж авсан арга хэмжээ шиг харагдаж байна" хэмээн "шүүмжлэв". 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Товчхондоо чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, бүгдэд тэгш боломж олгоё гэх зарчмыг барьж байна. Өмнө нь агаарын тээвэрлэгч компаниудыг сайд нэг нэгээр нь дуудаж уулзаад, ханцуйдаа наймаалцах байдал байсан байж мэдэх юм. Би сайд болоод агаарын тээвэрлэгч таван авиакомпанийн захирлыг дуудаж уулзаад хоорондоо тохир, ингээд ирвэл бүх шийдлийг зөвшөөрнө гэх шийдлийг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна. 2023 онд гэхэд Катар, Грек улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. 

Ганцхан жишээ дурдахад Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 12 удаа л нисэж байсан бол өнгөрсөн зун 80 удаа ниссэн. Турк руу долоо хоногт таван удаа ганцхан Туркиш Айрлайнэс нисдэг байсан бол одоо долоо хоногт 30 удаа нисэж, үнэ 2-2,5 дахин буурч, мөн МИАТ ХК нислэг үйлдэж байна. 

Орон нутгийн нислэгийн тухайд Ховд, Баян-Өлгий гэсэн хоёр чиглэлтэй, үндсэндээ зогссон байсан. МИАТ ХК-д өгсөн үүргийн дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдалгүй, бас ашиггүй байх зарчмыг баримталж нислэг үйлдэж эхэлсэн. Өнөөдөр есөн чиглэлд /Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад/ нислэг үйлдэж, 2-3 дахин үнээ буулгасан. 

Өмнө нь 2020, 2021 онд алдагдалтай ажиллаж байсан бол либералчлах бодлого баримталснаар 2022 оноос ашигтай ажиллаж эхэллээ. Энэ бол сонгуультай холбоогүй, зөв бодлого баримталсны үр дүн" хэмээв.

МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Ерөнхийдөө МИАТ ХК-ийн үндсэн тарифын үнэ хямдарч байгаагийн гол шалтгаан нь шатахууны үнэ буурсантай холбоотой. Олон улсад авдаг байсан үнээр бус төрийн өмчийн шууд экспортлогч болох УУХҮЯ-ны харьяа "Эрдэс баялаг" компаниас 30 хувийн хямд үнээр авч байна. 2023 оны эхний гурван улирлын татварын өмнөх байдлаар манай компани 63 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөө гарч байна" гэв. 

Дашрамд дурдахад, Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр OPEN SKY хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдсэн. Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ одоо буйгаас 2 дахин хямдарч, 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжид ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Монголчуудын хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болохыг чухалчилж байна.

 

Ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.