УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг сайжруулах, энэ гэмт хэрэгт ямар ч өршөөл уучлалт үзүүлэхгүй байх ёстой гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Маргаашийн чуулганы мэдээллийн цагаар Хүүхдийн эрхийн хамгаалах асуудлыг ярилцах зайлшгүй шаардлагатай байна. Хүүхэд элдэв төрлийн гэмт хэрэг, хүчирхийлэл, хохирогч болж байгаа аймшигтай асуудал өдөр бүр гарч байна. Хүний наймааны хэрэгт 8 хүүхэд холбогдсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа ч үр дүн одоогоор гараагүй байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөх, өндрөөс унах, угаартах, гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Улсын хэмжээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ор сураггүй эрэн сурвалжлагдаж байгаа 20 хүүхэд байгаа гэх статистик мэдээлэл байна. Монгол даяар айдас түгшүүр, гэмт үйлдлийг төр засаг, холбогдох байгууллага зүгээр хараад сууж болохгүй.
Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт хангалтгүй маш муу байна. Хүүхдийн үндсэн эрх маш ихээр зөрчигдөж байна. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээг огт хийж чадахгүй байна.
Хүүхдийг төрснөөс нь эхлээд 18 нас хүртэл хамгаалах үүргийг Монгол Улсын төр, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн байгууллага, гэр бүл хүлээдэг. Монгол хүүхэд гэмт хэргийг золиос болох ёсгүй. Хүүхэдтэй ээлгүй улс орны ирээдүй, хөгжил ярих ямар ч боломжгүй.
Хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёсзүйг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд энэ асуудлыг анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүд, холбогдох байнгын хороод, хүүхэд хамгаалах бүлгэмүүдэд үүрэг болгож байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг сайжруулах шаардлагатай. Энэ гэмт хэрэгт ямар ч өршөөл уучлалт байх ёсгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.