"Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр амиа егүүтгэсэн байж болзошгүй

"Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаярын шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ. 

"Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр есдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн. ЦЕГ-ХМТ-өөс "2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарааш дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс тус хэргийг шалгахад  гараашинд UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай,  38 настай, эрэгтэй нас барсан байдалтай байсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгч байсан юм. 

Тэгвэл тус хэргийн шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ. Урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөөгүй, амиа егүүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ. 

Эргэн сануулахад IHC нэртэй коин гаргасан “Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг шалгаж “Галакси тауэр” төвийн 705 тоотод байрлах ажлын байр болон гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.19-ийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20-ийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж буй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.