Т.Аюурсайхан: Намайг шоронд хийвэл МАН-ын хулгайчдыг илчилнэ гэж би хэлээгүй
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09 цагаас эхэллээ. Улмаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг 13.30 цаг хүртэл хойшлуулаад байна. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан:
-Нүүрсний гэх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэхийг хүлээж байгаа. Миний хувьд олон сар энэ хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас бууж, шалгуулж байна. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа. Энэ бол хүнийг гүтгэн доромжилж харлуулж буй хэрэг. Шинэчлэлийн хороо 2016, 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. Үндсэн хуулиар бол хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үндсэн хуулиар хэнийг ч эвлэлдэн нэгдсэний төлөө шалгаж болохгүй.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэгт би нийтийн албан тушаалтан хүний хувьд холбогдох газарт нь шалгуулж байна. Жижиг гэлтгүй орд газар завшсан, барилга байгууламж эзэмшиж, барьсан гэх мэт асуудлууд байгаа бол нийтээрээ шалгуулж, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэх хэрэгтэй. Тиймээс надад шүүхээр шүүлгэхдээ эсэргүүцэх зүйл байхгүй.
Ерөнхийлөгчөөс тусламж хүссэн гэх асуудлыг үгүйсгэж байна. Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаагүй удаж байна. Намынхантайгаа ч уулзаагүй удаж байна. Хэвлэлээр яриад буй морины жүчээг бол өөрийн хөрөнгөөр барьсан.
Эзэнгүй хэрэг гэж байхгүй. Цаана нь хэн нэгэн байж л байгаа. Нүүрсний сонсголд оролцох хүсэлтэй байна.
Мөн Тэрбээр “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна” гэж би хэлээгүй энэ бол цэвэр гүтгэлэг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.