13А маягтыг ад үзэх хэрэг байна уу

Нэгэн эмч "Би эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн мөртлөө сүүлийн үед энэ 13А маягтыг ойлгохоо болилоо" гэсэн утгатай пост оруулсан нь цахим орчинд бүүм болов. Хүмүүсийн сэтгэлийн шархыг хөндөх лугаа адил, мартагнаад байсан 13А маягтын тухай яриа өргөжиж, сүүлдээ энэхүү маягтын мөн чанарыг умарттал эрүүл мэндийн салбарынхнаа, тэр дундаа ЭМДЕГ-ыг ам мэдэн муушаав. 

Сохор нохой дүйвээнээр гэдэгчлэн асуудалд ингэж шуурч хандаж болохгүй ээ. 13А маягтад засах зүйл байж болно. ЭМДЕГ нь энэ чиглэлд саналаа боловсруулаад ажиллаж байгаа гэж найдна. Шийдвэр гаргадаг газар нь ЭМЯ. Бодлого боловсруулдаг салбарын яам нь шүү дээ. 

13А маягттай холбоотой журмыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны А813 дугаар журмаар нарийн зохицуулжээ. Энэ журмын гол амин сүнс нь эмнэлгүүдийн шатлалыг тодорхойлж, үйлчлүүлэгч ба өвчтөнүүдийг хаана, ямар эмнэлэгт хандаж болохыг зааглаж өгсөн байгаа юм. 

Тодорхой хэлбэл, та ханиад хүрвэл гуравдугаар шатлалын яаралтай тусламж, мэс засалтай, түм түчигнэсэн эмнэлэг рүү зүтгээд хэрэггүй гэсэн үг. Ханиадтай бол өрхийн эмнэлэгт үзүүлээд, эм бичүүлээд авч болно шүү дээ. Эмнэлгийн ачааллыг зохицуулж, зааглахын тулд 13А маягтыг гаргажээ гэж ойлгох хэрэгтэй. 

Энэ талаар нэгэн эмч "Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр өчнөөн сараар оочeртой байна, өвдөөд үхлээ, эмчилсэнгүй, аварсангүй гэх хүмүүс маш их байна. Тэр муулаад байгаа 13А маягт чинь тэгж олноороо бөөгнөөрөөд оочeрлоод байгаа 3-р шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, иргэд өрх хорооныхоо эмнэлгээр үзүүлэх, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм шүү дээ. Та яагаад өрхийн эмчдээ үзүүлж болохгүй гэж, яагаад дүүргийн нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлж болохгүй гэж, яагаад заавал ачаалал ихтэй 3-р шатлал руу зүтгээд байгаа юм бэ" хэмээн бичсэн нь 13А маягтын талаар товч бөгөөд тодорхой бичиж сануулжээ. 

Цаашилбал тэрбээр, "Осол аваар, гэмтэл, амь насанд аюултай харвалт, шигдээс гэх мэт өвчнүүдийг аль ч том эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн төвүүдээр оочeр дугаар, харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй авч байгаа. Харин архаг хууч, өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой байсан, амьдралын хэв маягийн буруугаас болсон өвчнүүд бол эсвэл дугаарлана, эсвэл 1,2-р шатлалын эмнэлэгтээ үзүүлнэ" гэж сануулжээ.

Тэгэхээр 13А маягтыг ад үзэх хэрэггүй байх нь. Бүгдээрээ гуравдугаар шатлалын эмнэлэг рүү очих шаардлагагүй гэдгээ ойлгоход  л болно. Ер нь бол гадаадын улс орнуудад ч гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж харуулахын тулд 1,2 сар оочерлох нь хэвийн зүйл гэдгийг гадаадад галуу шувууны мах идсэн ойр дотны хүмүүс тань хэлээд өгнө. 

Бид хуучин нийгмийн хамаг юмыг үнэгүй авах гэсэн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй болоод байна. Ер нь тэгээд эцсийн эцэст эрүүл мэнд тань ЭМЯ-ынх биш, эмнэлгийнх биш, эмчийнх ч биш. Бидний л юм шүү дээ. Өөрийнхөө юмаа өөрөө эхлээд хайрлахад сурах хэрэгтэй байна. Буруу бүхэн бусдын буруу байхгүй шүү дээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.