Үерт өртөж, орон гэргүй болсон 20 айлын гэрийг Богдын даваа Тоосгоны задгайд барьж байна

Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай  гэр өгөхөөр болсон.

Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил “Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын газрын зураг, кадастрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас хийж, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон дүйцүүлэхийн албан хаагчдын хүчээр буурийг засаж, гэрийг барьж байна. Өнөөдөр нийт 20 гэр барина. Энэ ажилд нийслэл, дүүргийн бүх байгууллага оролцож буй. Тухайлбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ худаг байгуулах юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК цахилгааны трассаа гаргаж, цэгүүдээ тодорхойлоод байна. Зам засах ажил дуусаж, машин явах боломжийг бүрдүүлсэн” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.