Говь-Алтайн 100 жилд дуулж чадаагүй Хумбагарын Батмэнд юу ярив?
Хан тайшир аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн наадам өнөөдөр эхэллээ. Уламжлал ёсоор наадмын нээлтийн концерт ая найруулга төгөлдөр, үзүүштэй боллоо. Говь-Алтай аймгаас урлаг, соёлын олон зуун алдартан төрөн гарсан учир бүгдийг нь нэгэн тайзнаа гаргах нь найруулагчдын оюуны шандсыг сорьсон бололтой юм.
Говь-Алтай аймгийн уугуул, дуучин Хумбагарын Батмэнд өчигдөр өөрийн цахим хуудаст "Бибээр ая дуугаа өргөчихөөд, бөхөө тайлбарлаад ирнэ гэсэн шүү юм бодож очтол микрофон олдохгүй шинжтэй болчихов. Ямартай ч 100 жилийн баярын хөтөлбөрт арай багтаагүй ажээ. Уг нь "Хантайшир Уул"-аа дуулчихсан бол уул усаа баярлуулчих байсан байж магад аа. Хаа газар 100 удаа дуулснаас Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойд нэг удаа дуулчихсан бол сайхан л байх байлаа" хэмээн бичжээ.
МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн, "Би бас хасагдсан юм шиг байна лээ. Нутгийнх нь ганц шахуу поп дуучин нь гээд урилга хүлээсээр, гайхаж суусаар бүр очиж ч чадаагүй хүн нь байна аа! Ийш тийшээ утас цохьсоор яахаа мэдэхгүй үлдчихээд, аавын нутгаа зорих хүмүүсийн сайхан постыг шэйрлээд сууж байна" гэжээ.
Харин Х.Батмэндийн бичсэнд хариу болгож аранжировшик Б.Бат-Эрдэнэ /Аранзай/:
-Ямар худалч юм бэ. "Нээлтэд дуулах дуу бичүүлээд ирье" гэж гараад алга болоо биз дээ. Би бүр хүлээгээд гайхсан гэжээ.
Энэ талаар Х.Батмэнд "Надад гоцлол номер өгөхгүй байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Нээлтэд зориулсан олны хэсэг дээр гаргах гээд байсан шүү дээ" гэжээ.
Хан тайшир аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын концертод гоцлол дуу дуулуулахгүй гэж найруулагчид шийдэл гаргасан аж. Үүнд Хумбагарын Батмэнд зэрэг дуучид "гомдсон"-оос ийм хэл яриа гарчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.