О.Хангай: Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйддаггүй, салбар хороо барилдаан зохион байгуулах эрхээ өг
Улсын аварга О.Хангай Улсын баяр наадмын зохион байгуулалт, бөхийн дүрмийн талаар өөрийн сошиал хуудаснаа дараах байр суурийг илэрхийллээ.
Улсын аварга О.Хангай:
-Энэ жилийн баяр наадмын бөхийн дүрмийн талаар өөрийн бодлоо хэлье.
Хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, Аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу идэвхээр хасаж шийдэгдсэн.
Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, монгол хүн гэдгээрээ омогшдог, баяр цэнгэлийн дээд баяр. Энэ идэвхээр хасдаг дүрэм орж ирснээрээ ард түмнийг нутаг усаар нь талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гэдгийг та бүхэн ч харлаа, би ч харлаа. Энэ нь давсан бөхдөө ч гэсэн сэтгэл зүйн хувьд тиймхэн байдаг. Үнэн хүчийг үзээд барилдах байсан гэж унасан бөх нь боддог бол давсан бөх нь дүрмээ биелүүлснээр буруутан болдог. Ийм дүрэм байсан.
2022 оны наадмаар ч энэ дүрэм хэрэгжиж байсан. Өнгөрсөн жил дөрвийн даваанд дөрвөн хүн хасагдсан. Дээр даваанд ийм асуудал болоогүй учраас хүмүүсийн анхааралд өртөөгүй байх. Заал танхимын барилдаанд ч гэсэн хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон бөхийн холбоо үүэж, гуравдугаар сарын 18-нд нээлттэй хурал зарласан. Бөхчүүдийн идэвх оролцоо бага, 30 гаруй бөх ирсэн. Ингээд идэвхээр хасдаг байдлыг болиулаад тэгш барьцыг оруулж ирсэн. Ингээд Засгийн газраар батлуулах үүднээс дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн.
Энэ салбар хороо маань холбоо болон бөхчүүдээс гаргасан саналыг хүлээж авахгүй, өмнөх дүрмээрээ явна гэсэн. О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням, Ц.Магалжав тэргүүнтэйгээ хамт сууж байгаад дүрэм баталсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Хурлын тэмдэглэл протоколтой байгаа. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. Бөхчүүд, бөхийн холбооны саналаа хүлээн авалгүй, өөрсдийн үзэмжээр дур мэдэн долоон сарын 5-нд дүрэм баталчиж байгаа юм. Салбар хорооны шинэ дүрэм гэж гаргаад ямар үр дүн гарсныг бүгд харсан. Миний бодлоор Үндэсний бөхийн салбар хороо гэхгүйгээр Үндэсний бөхийн холбоо нь барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, холбооны дүрмээр баяр наадмын бөхийг зохион байгуулах ёстой гэж бодож байна.
Дараагийн асуудал цолоо дуудуулахад нэг аймаг, нэг компанийн нэр дуудуул гэсэн. Энэ бол бөхийн эрх ашгийг хааж байгаа үйлдэл. Төрөөс хамааралгүй бөхөө дэмждэг олон компани байдаг. Энд тийм их цаг хугацаа орно гэж бодохгүй байна. Засуулыг олон компани зарласан бол эрхийг нь хасна гэж дарамталсан байгаа юм. Ингэж баяр наадмын өдөр дарамтад хүмүүсийг байлгаж болохгүй.
Ам авах байдал цахимжсан зүйл байгаагүй. 100 гаруй хүнийг аймаг,сум, овог нэртэй нь дуудахад таван минут хүрэхгүй байсан. Ядаж гурвын давааны ам авах хугацааг сунгаж өгөх шаардлагатай байна. Үүнийг зөвхөн би хэлээгүй, бусад бөхчүүдээ төлөөлж хэлж байна.
Мөн баяр наадамд оролцохоор ирсэн бөхчүүдэд суух сандал байхгүй. Ногоон дэвжээ рүүгээ ч орох эрхгүй, цагдаа нартаа үүрэг өгчихсөн. Зургаан аварга л орж болно гэчихсэн. Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдийг ногоон хашаанд хорьчихдог. Бид нар чинь бөхөө үзнэ, бусад бөхчүүдээ харна судална. Цолтой бөхчүүд нь өмнөх өдөр нь уначихсан бол дараагийн өдөр нь оруулахгүй.
Эцэст нь хэлэхэд Үндэсний салбар хорооны гишүүдийн бодол та нартаа зөв байх. Гэхдээ үзэгч түмэн, бөхчүүдийг талцуулсан, бухимдуулсан ийм шийдвэр байсан. Ирэх жил Үндэсний бөхийн холбоонд нь барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, бөхчүүдээсээ гаргасан дүрэм, журмаараа барилдмаар байна. Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйддаггүй. Яараад хурдан барилдаан дуусгах гээд байгаа бол салбар хорооныхон өөрсдөө эртхэн очоод амарч байсан нь дээр гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.