Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг нэг жил 10 сар болгон бууруулав

Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суух Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.07.05/ болов. 

Нийслэлийн прокурорын газраас түүнийг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Улмаар анхан шатны шүүхээс түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон.

Мөн хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оноосон. Хорих ялыг нэмж нэгтгэснээр 3 жил 10 сар болж буй юм байна.

Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдсан бөгөөд өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж, түүнд оногдуулсан 3 жил 10 сарын хорих ялыг 1 жил 10 сар болгон буурууллаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.