СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-21

Тэтгэврийн сангийн гажуудал

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Онцлох нийтлэл: Хаагдах гэж буй “хүн амын цонх үе” ба Тэтгэврийн санг тойрсон гажуудлууд
  2. “Rio Tinto” Кеннекоттын зэсийн уурхайд 920 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  3. “Титаник”-ийг үзэх аялалд гараад холбоо тасарсан шумбагч онгоцонд байгаа 5 хүнд 35 цагийн хүчилтөрөгчийн нөөц үлджээ.

Дахин сүүл мушгив

2023 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд тэргүүлсэн бол Монгол Улс өмнөх оны адилаар ӨАБНУ, Аргентин, Венесуэль улсуудын хамт сүүл мушгижээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, дэд бүтцийн хөгжил зэрэг шалгуурыг гол үзүүлэлт болгож дэлхийн 64 улсыг эрэмбэлдэг тус тайланд Монгол улс өмнөх оныхоос нэг байр ухарч 62 дугаарт бичигдсэн байна.

Энэ оны тайланд Монголын эдийн засгийн тамир тэнхээ нэг эрэмбээр урагшилсан ч бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлт гурван байраар ухарсан байна. 2016-2018 онд Монгол Улсын өрсөлдөх чадварын оноо өсөж байсан бол 2019 оноос хойш буурч Ази, Номхон далайн бүсийн 14 улсаас 14 дүгээрт жагсах болжээ.

Petro Matad-ийн тайлан

Газрын тосны “Матад XX” талбай дахь “Цэн тогоруу” ордын ашиглалтын тоног төхөөрөмж угсрах, суурилуулах ажлыг эхлүүлэхэд газрын зөвшөөрлийн асуудлаас шалтгаалан саад учирсан талаар "Petro Matad" компани тайландаа онцоллоо. Компаниас газрын тухай хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилгуулах үүднээс ЗГ, орон нутгийн захиргааны байгууллагуудад удаа дараа албан хүсэлт, шаардлагуудыг хүргүүлсэн боловч 2022 онд асуудал шийдвэрлэгдээгүйг мөн дурджээ.
Харин Монгол Улсын төв бүсэд байрладаг, тус компанийн хайгуулын “Онги V” талбайн үйл ажиллагааг цар тахлын үед түр зогсоосон байсан нь цуцлагдаж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын хугацааг 2024 оны долоодугаар сар хүртэл сунгахаар тохиролцсон байна.

Байр суурь

“Монгол Улсад цахилгаан автомашины цэнэглэх станцын дэд бүтэц тийм ч өндөр түвшинд хөгжөөгүй. Иймд магадгүй энэ чиглэлд ЗГ-аас санал санаачилгууд гаргаж, урамшуулал олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлд анхаарна гэж найдаж байгаа. Гэхдээ дан ганц энэ хангалтгүй. Дэд бүтцийн хөгжүүлэлтийг тэлж, цахилгаан автомашины зах зээлийг амжилттай хөгжүүлэх чиглэлд хийгдэх шаардлагатай олон санаачилга хэрэгтэй. Бидний хувьд энэ зах зээлд нэвтрэхэд бэлэн байна. Бид бүрэн цахилгаан BMW i4 болон iX загваруудаас эхлээд бүх ангилалд цахилгаан автомашинаа санал болгохоор зорьж байна” хэмээн BMW группийн Бүс хариуцсан менежер Винсенз Рейсман “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Хүний нөөцийн дутагдал

Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн баталсантай зэрэгцээд жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авч байгаа ч мэргэжлийн хөтөч зэрэг хүний нөөц хангалтгүй нь гол сорилт болж байгааг салбарынхан мэдээлж байна. Их, дээд сургуулиудад аялал жуулчлалын мэргэжил сонголт 2007 оноос хойш 87 хувиар буураад байгаа аж.

Тэтгэврийн сангийн гажуудал

Монгол Улсад одоогийн байдлаар 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд дунджаар 1.8 сая төгрөгийн цалин авч байна. Энэхүү орлогынхоо 11.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд суутгуулдаг. Тэгвэл иргэдийн мөнгийг захиран зарцуулах менежментээ Төр дорвитой сайжруулах уу, реформ хийх үү гэдэг асуудал шийдлээ хүлээсээр...

Хүн амын хамгийн их ажиллах хүчтэй цонх үе хаагдах дөхсөн үед нийгмийн даатгалын сангийн зардалд хамгийн их жин дарж буй Тэтгэврийн санг тойрсон гажуудлуудын тухай нийтлэлээс үргэлжлүүлэн уншаарай.

5G хэзээ вэ?

Энэ оны 11-12 дугаар сарын хооронд Дубай хотод болох Дэлхийн радио холбооны их хурлаар эцсийн хэлэлцүүлэг хийх хүртэл Монгол Улсад 5G технологи туршилтын шатандаа байна гэдгийг Цахим хөгжил, харилцааны холбооны яамнаас мэдээллээ. Үүнээс өмнө энэ ондоо багтаад 5G-ийн сүлжээний давтамжийг компаниудад олгохоор төлөвлөж байгааг “ICT Expo”-ийн үеэр салбарын сайд онцолж байв. Ингэснээр боомтуудын автоматжуулалт болон аж үйлдвэр, ухаалаг хотын шийдлүүдийг боловсруулах боломж нээгдэхээр байгаа юм.

Томчуудын эргэн ирэлт

БНХАУ-ын технологийн аварга "Alibaba" эрх баригчдын хатуу арга хэмжээний дараа үйл ажиллагаагаа дахин хэвийн гольдролд оруулах алхам болгож Жак Ма-д хамгийн удаан зүтгэсэн хоёр хамтрагчийг нь эргүүлэн авчирч байна. Блокчейн технологийн томоохон хөрөнгө оруулагч, NBA-ийн "Brooklyn Nets" багийн эзэн Жозеф Цай өөрийн үүсгэн байгуулалцсан компанидаа ТУЗ-ийн даргаар эргэн ирэх аж. Түүнчлэн "Alibaba"-ийн бизнесийн цөм болох "Taobao" ба "Tmall" цахим худалдааны нэгжийн ТУЗ-ийн даргаар өдгөө ажиллаж буй Эдди Вуг Гүйцэтгэх захирлаар томилж, найман жил тус албан тушаалыг хашсан Даниел Жангийг залгамжлуулахаар болжээ.

Чипийн уралдаан

“Intel” компанийн ХБНГУ-д барих 10 тэрбум ам.долларын өртөг бүхий хагас дамжуулагчийн үйлдвэрт олгох татаасыг тус улс уур амьсгалын тусгай сангаараа дамжуулан санхүүжүүлэхээр болжээ. Технологийн нэн чухал эд ангийн үйлдвэр барьж, гадаадын нийлүүлэгчдээс хамааралтай байдлаа бууруулах уралдаан эрчимжих тусам энэ чиглэлийн зарцуулалт огцом нэмэгдэж байна. Тухайлбал Европын Холбоо болон АНУ, Япон, Энэтхэг улсууд “Intel”, “TSMC”, “Micron” зэрэг компаниудыг татахад 100 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаа аж.

Ээлжит зэсийн төсөл

“Rio Tinto” Хойд Америк дахь зэсийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож Юта муж дахь Кеннекоттын зэсийн уурхайд 920 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ хүрээнд компани гүний уурхайн төсөл болон Кеннекоттын “North Rim Skarn” бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 498 сая ам.доллар зарцуулах бөгөөд үр дүнд нь ирэх 10 жилд уурхайн зэсийн гарц 250 мянга гаруй тонноор нэмэгдэнэ гэж тооцоолсон байна. Шинэ төслийн үйлдвэрлэл 2024 онд эхэлж, хоёр жилийн хугацаанд бүрэн хүчин чадалдаа хүрэхийг “Rio Tinto” мэдэгдэлдээ дурджээ.

Цаг явсаар

“Титаник” хөлгийн үлдэгдлийг үзэх далайн гүний аялалд гараад холбоо тасарсан шумбагч онгоцонд байгаа таван хүнд одоогоор 35 цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдсэнийг тооцоолжээ. “OceanGate Expeditions”-ийн бүтээсэн 6.7 метр урттай, “Titan” нэртэй тус хөлгийн байршлыг тогтоохоор АНУ-ын Эргийн хамгаалалтын хүчин болон Канад, Францын аврах албаны хамтарсан баг Умард Атлантын далайд нүсэр эрлийн ажиллагааг явуулж байгаа ч цаг тун бага үлдээд байна. “OceanGate” компани 4 гаруй километрийн гүнд оршдог “Титаник”-ийн үлдэгдлийг үзүүлэх 250 мянган ам.долларын үнэтэй аяллыг чинээлэг эрхмүүдэд санал болгодог бөгөөд зарим хэвлэлүүдийн мэдээлснээр алга болсон шумбагчид тус компанийн Гүйцэтгэх захирал Стоктон Раш өөрөө сууж явсан аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

Ник Креган хиймэл оюуны сайн мууг дэнсэлж, өрсөлдөгчдийнхөө 97 хувийг ардаа орхиж байна

"Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр өсгөхөөр тусгаад байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.