Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа.
Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Тэрбээр эл өртөөний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар, “Силкрөүд ложистикс” ХХК-ийн менежер Ч.Ганчулуун нарын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5-6 дугаар сард хахууль авсан хэмээн буруутгагдаж буй. Түүний хахуулийн мөнгийг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар Хаан банкны дансаараа дамжуулан бэлнээр гаргаж аваад “Толгой” өртөөнөөс холгүй орших “Номин супермаркет” дэлгүүрийн авто зогсоол дээр Т.Үржинд өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон аж. Тэд вагоны салбар зам ашиглах эрх авахын тулд эл албан тушаалтанд 33 сая төгрөг өгсөн гэнэ.
“Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтантай холбоотой, олны анхааралд байгаа хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл, түүний ах С.Баттулга, хахууль өгсөн гэж буруутгагдаж буй Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт НПГ-аас хээл хахууль авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 30-ны 09.00 цагт хэлэлцэхээр товлолоо. Энэ шүүх хуралдаан хүртэл С.Батдөлийг цагдан хорьсон хэвээр байх бол, бусад шүүгдэгчид авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэлээн урагшаа байдаг өртөөг шалгаасай хххэ.золиг гэж