СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-19

“Cash” landing on you

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. I улиралд улсын нийт гадаад өр 33.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1 хувиар буурав.
  2. 7-р сард Монголын хэрэглэгчид "Стора"-аар дамжуулан "Amazon Prime Day" хямдралд оролцох боломжтой болж байна.
  3. “Crash Landing on You” цуврал Швейцар дахь нуурын эргийн бяцхан тосгонд аялал жуулчлалын “тэсрэлт” авчирчээ.

Өр багасав

Нэгдүгээр улиралд Монгол Улсын нийт гадаад өр 33.6 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 1 хувь буюу 330.7 сая ам.доллароор, харин өмнөх улирлаас 0.1 хувиар буурсныг ҮСХ мэдээллээ. Гадаад өр буурахад төв банкны өр 18.8 хувиар, ЗГ-ын гадаад өр 2.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Том зургаар нь харвал: Богино хугацаанд өр ийнхүү бага дүнгээр буурсан боловч урт хугацаанд харвал Монгол Улсын өрийн дарамт өсөн нэмэгдсээр буйг тоон үзүүлэлтүүдээс харж болно. “Өрийн дарамт оргилдоо хүрсэн энэ үед “Хар хун” Монголыг дефолт руу хөтлөх вий” нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Байр суурь

“Хөрөнгө оруулалтын хуулийг дангаар нь баталснаар хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл бүрдэхгүй юм байна. Хөрөнгө оруулалтын хууль, мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль, Татварын багц хууль, одоо боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн төсөл энэ бүхэн маань нийлээд цогцоороо хөрөнгө оруулалтад ээлтэй, таатай байх юм бол хөрөнгө оруулагчид сонирхох байх. Одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль ажил олгогч талдаа нэлээд ачаалал үүссэн заалтуудтай, хэрэгжээд явж байгаа. Гэтэл Хөрөнгө оруулалтын хууль маань татварын урамшуулал байхгүй учраас илүү тунхаглалын чанартай болох юм шиг байна. Иймэрхүү асуудлууд байгаа учраас тогтолцоонд иж бүрнээр нь хандаасай гэж бид хүсэж байна” хэмээн “AmCham Mongolia”-ийн Гүйцэтгэх захирал О.Адьяа онцолсон юм.

“Инвескор”-ийн санхүүжилт

“Инвескор ББСБ” ХК Азийн Хөгжлийн Банктай 10 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа. Нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэсэг нь бичил, жижиг, дунд бизнесийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулагдана гэдгийг компани онцолжээ. 2022 оны байдлаар “Инвескор”-ийн зээлийн багц өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар өсөж, 283 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

POWERED BY

“Prime day” ба Монгол

АНУ-д жилд ганц удаа тохиодог Хар Баасан Гараг, Кибер Даваа гараг зэрэг томоохон хямдралын өдрүүдтэй дүйцэхүйц "Amazon Prime Day" долоодугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд явагдах төлөвтэй байна. Уг хямдрал зөвхөн "Amazon Prime" үйлчилгээний хэрэглэгчдэд хамаардаг байсан бол энэ удаа Монголын хэрэглэгчид "Стора"-аар дамжуулан хямдралд оролцож, тус үйлчилгээнд төлбөр төлж бүртгүүлэх шаардлагагүйгээр хүссэн бүтээгдэхүүнээ 50-80 хувь хүртэлх хямдралтай үнээр “Amazon”-оос захиалах боломжтой болсон байна. “Amazon” дээрх бүтээгдэхүүнийг захиалах үйл явцыг хөнгөвчлөх шийдлийг санал болгодог цахим худалдааны сайт “Стора” нь хэлний бэрхшээл, төлбөр тооцооны асуудал, хэт өндөр үнэтэй тээвэрлэлт, бараагаа алдах эрсдэл гээд бараа захиалахад гардаг бүхий л асуудал, бэрхшээлийг шийджээ

Ам нээвэл…

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хоорондох хурцадмал харилцааг эргүүлэн хэвийн байдалд аваачих зорилгоор Бээжинд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын гадаад хэргийн сайд Чинь Гантай 7 цаг гаруйн турш яриа өрнүүлжээ. Уулзалтын үр дүнг хоёр тал хоёул “илэн далангүй, гүн гүнзгий, үр бүтээлтэй” хэмээн тодорхойлсон байна. Э.Блинкений хувьд энэхүү айлчлалыг хоёрдугаар сард хийх ёстой байсан боловч Хятадын тагнуулын гэж үзсэн агаарын бөмбөлөг Америкийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгааг илрүүлснээр айлчлалыг эцсийн мөчид цуцлаад байсан билээ.

Юанийг зөвшөөрнө

Идэвх нь суларсаар буй хөрөнгийн зах зээлээ сэргээх алхам болгож Хонгконг хөрөнгө оруулагчдыг юаниар үнэт цаас арилжаалахыг зөвшөөрөх хөтөлбөр эхлүүллээ. Өнөөдрөөс Хонгконгийн биржид нэвтрүүлж буй “HKD-RMB Dual Counter Model” нэртэй тус хөтөлбөрөөр арилжаалагчдад “Tencent”, “Alibaba”, “China Mobile” зэрэг өндөр үнэлгээ бүхий хувьцаануудыг юаниар зарах сонголт олгож байгаа аж. Энэхүү санаачилга нь арилжаан дахь валютын ханшийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ юанийн олон улсад өсөн нэмэгдэж буй байр суурийг улам бэхжүүлж байгаа юм.

Агаар дахь өрсөлдөөн

Ойрх Дорнодын “Emirates”, “Qatar Airways” компаниуд тансаг аяллын стандартыг шинэчлэн тогтоож чадсан бол Саудын Арабын хувьд энэ нь арай өөр хэрэг байв. Үндэсний агаарын тээвэрлэгч “Saudia” нь сүсэгтнүүд, мөргөлчдийг Меккад хүргэхэд голлон чиглэдэг тул үйлчилгээндээ тус улсын нийгмийн дэг журмыг чанд сахидаг хэвээр аж. Тэгвэл Саудын Араб дээрх компаниудын ноёрхлыг зогсоохын тулд “Riyadh Air” хэмээх Төрийн өмчит хоёр дахь авиа компанидаа найдлага тавьж байна. 2025 оноос эхлэн нислэг үйлдэж, 2030 он гэхэд чиглэлийн тоогоо 100-д хүргэх зорилт тавиад буй тус компани одоогоор 39 ширхэг “Boeing 787” агаарын хөлөг захиалаад байгааг мэдээлжээ.

“Cash” landing on you

“Crash Landing on You” цуврал Швейцар дахь нуурын эргийн бяцхан тосгонд аялал жуулчлалын тэсрэлт авчирчээ. Ердөө 400 орчим хүнтэй Изелтвальд тосгон олон жилийн турш тайван амгалан, гадныхан төдийлөн очдоггүй, загасчлалаас өөр сонин гойд зүйлгүй байсан боловч Өмнөд Солонгосын хит цувралын зураг авалт тэнд хийгдсэний дараа ерөнхийдөө нэг шөнийн дотор дээрх байдал өөрчилсөн байна. 2022 оны есдүгээр сараас хойш Изелтвальд голчлон Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азиас ирсэн жуулчдын асар их урсгалыг хүлээн авч, заримдаа өдөрт ирэх аялагчдын тоо тосгоны иргэдээс давах болжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

“LVMH” компани “Epic Games”-тэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ виртуал хэлбэрээр хүргэнэ

БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин V сард 20.8 хувьд хүрэв

Онцлох чарт

Жером Пауэлл бодлогын хүүгийн өсөлтийг завсарлуулсан ч цаашид дахин өсгөх дохио өгсөн нь АНУ-ын Төв банкны нэр хүндийг төдийлөн өргөхгүй нь мэдээж. Тус улсын мөнгөний бодлого тодорхойлогчид энэ долоо хоногт инфляцын төсөөллөө өсгөөд зогсохгүй бодлогын хүүг өмнөх таамаглалаас илүү өндөр түвшинд хүргэх хэрэгтэй болж магадгүйгээ илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.