СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-25

Зэсийн уналт үргэлжлэх үү...

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Зэсийн үнэ он гарсаар анх удаа 8,000 ам.доллароос доош орж уналаа.
  2. ЗГ: 07.01-нээс эхлэн есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70% хямдарна.
  3. “Nvidia” улирлын ашгийн төсөөллөө 11 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлснээр хувьцааны ханш нь цойлов.

Зэсийн уналт

БНХАУ-д эдийн засгийн сэргэлт зогсонги байдалд орж, АНУ-д бодлогын хүү дахин өсөх төлөвтэй байгаа нь аж үйлдвэрийн металлын үнийн уналтад нөлөөлснөөр зэсийн үнэ он гарсаар анх удаа тонн нь 8,000 ам.доллароос доош орж буурлаа. Бээжин хотод дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн салбарт өндөр зардал гаргахгүй байгаа нь эргэн зэсийн ханшид дарамт болж байгаа талаар шинжээчид онцолж байна.

Түүнчлэн тус металлын эрэлт сул байгааг дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Лондоны Металлын биржид хуримтлагдсан зэсийн нөөцийн хэмжээ бараг хоёр дахин өссөнөөс харж болно. Зэсийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэх тусам ханшийн уналтыг улам өдөөж байгаа ба уналт цаашид үргэлжлэх төлөвтэйг металл нийлүүлэлтийн “Yonggang” компани мэдээлсэн байна.

Төсвийн зарцуулалт

2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 403.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс 99.9 хувийн гүйцэтгэлтэй байгааг Сангийн яам мэдээллээ. Дээрх хугацаанд санхүүжүүлсэн төсвийн 68 хувийг барилга байгууламжид, 28 орчим хувийг тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан байна. Төсвөөс импортыг дэмжсэн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг багасгах, инфляцад нөлөөлөх санхүүжилт хийхгүй байхыг Монголбанкнаас зөвлөж байгаа юм.

Байр суурь

“Цар тахлын үеэр хэрэглэгчдийн туршлагад гарсан өөрчлөлт бол компаниудын дийлэнх нь дижитал шилжилтэд төвлөрсөн явдал юм. Бүх үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Ингэснээр хэрэглэгчдийн туршлагын зарим талыг мартсан гэж хэлж болно. Тэгэхээр компаниудын хувьд хэрэглэгчдийн туршлагатай холбоотой бүх хүчин зүйлсийг бодитоор эргэн харах нь гол сорилт болж байна. Жишээлбэл, Монголд зочлох үйлчилгээний салбар эрчимжиж байна. Дэлхий даяарх хэрэглэгчдийг татаж байна. Монголд очиж үзэхийг хүссэн хүн бүр л аяллын агентлагтай холбогдоно. Иймд Монголд ирж буй жуулчдад өндөр түвшний хэрэглэгчийн туршлагыг мэдрүүлэх ёстой” хэмээн Олон Улсын Хэрэглэгчийн туршлагын институтын Гүйцэтгэх захирал Ладислау Баталха “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.

Тийз эрс хямдарна

Цар тахлын дараах санхүүжилтийн хүндрэлийн улмаас дотоодын авиа компаниуд зөвхөн хоёр аймаг руу нислэг үйлдэж байсан бол МИАТ ТӨХК долоодугаар сарын 1-нээс эхлэн он дуустал есөн аймаг руу нислэг үйлдэхээр болсныг Засгийн газар мэдээллээ. Түүнчлэн долоодугаар сарын 1-нээс эхлэн есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70 хувь хямдрахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
"Баян-Өлгий аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,650,000 байсан нь 800 мянган төгрөгөөс ихгүй, мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,600,000 төгрөг байсныг 600,000-650,000 төгрөгөөр зорчих боломжтой болгосон" хэмээн тэрбээр ЗГ-ын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа дурдав.

Гэхдээ яаж…

Үүний тулд 2024 он хүртэл хугацаанд МИАТ ТӨХК орон нутгийн нислэг үйлдэхдээ гадаадаас түрээсээр онгоц авч ашиглах бол 2024 оноос хойш 75 хүний суудалтай онгоц худалдан авч нислэг үйлдэх юм байна. Түүнчлэн 2023 оны “Нойтон түрээс”-ийн (агаарын хөлгийг нисэх багтай нь түрээслэх) үйлчилгээнд зориулж тус компанид навигацын орлогоос нэг удаа 8 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгох шийдвэр гаргажээ. Гэхдээ дээрх шийдвэрийн үр дүнд МИАТ ТӨХК ямар нэгэн алдагдал хүлээхгүй ч мөн ашигтай ажиллахгүй гэсэн тооцоо гарсан байна.

Хөдөлмөрийн захын сорилт

2023 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгааг ҮСХ-ны тайлан харууллаа. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 78.8 мянга болж, өмнөх улирлаас 22 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурчээ.

Дэлхийн банкнаас гаргасан 2023 оны тоймд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд урт хугацааны болон бүтцийн шинжтэй хоёр том сорилт тулгарч буйг онцолсон юм. Тухайлбал: сүүлийн 10 жилд бий болгосон ажлын байр нь ажилгүйдлийг бодитоор бууруулах, ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэхэд төдийлөн хувь нэмэр оруулаагүй. Хувийн хэвшлийнхэн 2010-2020 онд дийлэнх ажлын байрыг бий болгосон ч бага цалинтай салбарууд байгааг тодотгож байна.

БиДиСек-ийн арилжаа

2022 онд ”БиДиСек ҮЦК” ХК 207.8 тэрбум төгрөгийн арилжаа гүйцэтгэсэн нь МХБ дээр хийсэн нийт арилжааны 17.9 хувийг бүрдүүлж байгааг тайлагналаа. Өнгөрсөн онд тус компани “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй бондын тэргүүлэх андеррайтераар ажиллаж анхдагч зах зээлийн арилжааны 22.2 хувийг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн биржийн бус зах зээлээс гурван компанийн хаалттай бонд бүхий 31.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлснийг үйл ажиллагааны тайландаа мэдээлжээ.

ТЧК-ийн өсөлттэй жил

“Талх чихэр” ХК 2022 онд 100.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 33 хувиар өссөн дүн болжээ. Тайлант хугацаанд компанийн цэвэр ашиг 25 хувиар өсөж 6.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Компани ах зээлээ хадгалж үлдэхийн тулд цаашид хөрөнгө оруулалт хийх, менежментийн үйл ажиллагааг авч яваа чадамжтай компанитай хамтрахаар төлөвлөж буй аж.

AI-ийн хөшүүрэг

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй чип үйлдвэрлэгч “Nvidia” энэ улирлын борлуулалтын орлогын төсөөллөө 11 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн нь шинжээчдийн дундаж төсөөлөл болох 7.18 тэрбум ам.доллароос хол давснаар нэгж хувьцааны ханш нь 25 хүртэлх хувиар огцом өслөө. Хиймэл оюунт процессорын эрэлт цаашид эрчимтэй өсөх үед “Nvidia” энэ чиглэлд ганцаараа ноёлно гэж хөрөнгө оруулагчид тооцоолж байгаа нь дээрх өсөлтийн түлхэц болжээ. “ChatGPT” болон түүнтэй төстэй хиймэл оюунт программуудыг сургахад “Nvidia”-ийн чипүүд хамгийн тохиромжтой гэж үздэг нь үүнтэй холбоотой.

Дефолт = зэрэглэл буурна

“Fitch” АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй болохоо илэрхийлсэн нь тус улсын өрийн таазын асуудалд шийдэл олоход гол хоёр намын улс төрийн амбиц хэрхэн саад учруулж буйг тодотгосон явдал болов. АНУ дефолт зарлавал зээлжих зэрэглэл нь AAA түвшнээс AA- болж буурах боломжтойг “Fitch”-ийн судалгааны модель харуулжээ.

Гэр үү, оффис уу

Гэрээсээ ажиллах зохицуулалтыг хэвээр хадгалахын төлөөх тулаанд Лондон хотын ажилтнууд захирлуудаа илүүрхэж байгаа бололтой. Их Британийн нийслэлд ажилтнууд өдгөө долоо хоногийн ердөө хагаст нь оффистоо ирж ажиллаж байгааг Centre for Cities-ийн судалгаа харуулжээ. Тодруулбал Лондончуудын оффис дээрээ ажиллах хугацаа цар тахлын өмнө дунджаар ажлын 3.9 өдөр байсан бол өдгөө 2.3 өдөр болж буурсан байна. Тэр дундаа 30-аас доош насны ажил эрхлэгчдийн оффистоо өнгөрүүлэх хугацаа 30-аас дээш насныхантай харьцуулахад бага байгаа аж.

AI-ийг илүү ойроос

Энэ цагийн технологийн хувьсгал хийж буй генератив хиймэл оюуныг илүү ойроос харцгаая. Хөдөлмөрийн зах зээл, бизнес, үйлдвэрлэл, боловсрол ирээдүйд хиймэл оюунд тохируулан өөрчлөгдөх үү? Эсвэл хиймэл оюуныг тэдгээрт тохируулан өөрчлөх шаардлага гарах уу?
"Хиймэл оюун" тусгай хөтөлбөрийг
📌 Бямба гарагийн 08:00, 12:00, 17:30, 20:00, 22:00 цагуудаас
📌 Ням гарагийн 11:30, 14:00, 16:00, 20:30, 23:00 цагуудаас хүлээн авч үзээрэй.

BloombergTV.mn танд санал болгож байна

- Ипотекийн зээлийн үлдэгдэл IV сард ₮6.7 их наяд болж, 1.1 хувиар өсөв

- “Могойн гол” ХК-ийн борлуулалтын орлого 2022 онд өмнөх оноос 1.5 дахин өсжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.