- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Гурван өгүүлбэрээр:
Түүхэн айлчлал
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалаар хоёр улс стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, сэргээгдэх болон цөмийн эрчим хүч, чухал металлын нийлүүлэлтийн салбарт хамтран ажиллахаар санал нэгдсэний зэрэгцээ хоёр талын харилцааг үе шаттай ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэх талаар хэлэлцлээ. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллахаар тохиролцсоноо Э.Макрон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар албан ёсны уулзалтын дараах хамтарсан мэдэгдэлдээ дурдав.
“Монгол Улсаас хийх чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр дамжуулан манай хоёр улс тус тусын эрчим хүчний хамааралтай бус байдлаа бэхжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэлээ” хэмээн Э.Макрон хамтарсан мэдэгдлийн үеэр онцолсон юм.
Ураны төсөл урагшилна
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалаар хоёр улсын хамтарсан ураны төсөл болох “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээг ирэх намар байгуулахаар тохиролцлоо. Ураны энэ төсөл амжилттай хэрэгжвэл Оюутолгойн дараа орох томоохон төсөл болно гэж албаныхан үзэж байгаа. Хоёр Ерөнхийлөгчийн хамтарсан мэдэгдэлд цөмийн эрчим хүчний асуудал шууд дурдагдаагүй ч хамтын ажиллагааны чиглэлд цөмийн эрчим хүчтэй холбогдох асуудал олон байгаа нь хоёр улс цаашид атомын цахилгаан станц байгуулах асуудлаар хамтрах боломжтойг мөн харууллаа.
Энэ удаагийн уулзалтын үеэр ямар нэг хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зураагүй. Харин оны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр, эсвэл түүний дараа байгуулж магадгүй гэсэн тайлбарыг албаныхан айлчлалын өмнөхөн өгч байв.
Байр суурь
“Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар ЗГ-тай энэ ондоо багтан тохиролцоонд хүрвэл 2025 онд ажиллах хүчнээ бүрдүүлж, уурхайн талбайн барилгын ажлыг эхлүүлнэ. Харин 2028 онд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж харж байгаа. Монгол Улс дотооддоо атомын цахилгаан станц байгуулахаар шийдвэл ураны ордтой байх нь давуу тал болно. Өргөн уудам газар нутагтай учраас томоохон шугам сүлжээнд жижиг хэмжээний цөмийн реакторын технологи маш тохиромжтой. Жишээлбэл, Улаанбаатарт жижиг хэмжээний ганцхан цөмийн реактор байгуулахад хотыг бүхэлд нь цахилгаан, дулаанаар хангаж чадна” хэмээн "Бадрах Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Төсвийн төсөл, төсөөлөл
УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 1.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувьтай тэнцүү байхаар тооцож тусгасан байна. Мөн эдийн засгийн бодлого 2024 онд хэвээр үргэлжилбэл экспорт 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж, инфляц 8 хувьд тогтворжих хүлээлттэй байгааг Сангийн сайд мэдээлэв.
SGR-ийн ашиг цойлов
Хонгконг болон Торонтогийн биржид давхар бүртгэлтэй “Southgobi Resources” компани 2023 оны эхний улиралд 27.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Өнгөрсөн оны мөн үед компани 0.2 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажиллаж байсан бол ийнхүү ашигт ажиллагаа нь сэргэж, хувиар илэрхийлбэл 28,100 хувийн өсөлт үзүүлжээ. Тайлант хугацаанд компанийн борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ 0.6 сая тонн болж өссөний зэрэгцээ борлуулах нүүрсний үнэ тонн нь 104.1 ам.доллар хүрч, 14 хувиар өссөн нь цэвэр ашиг сэргэхэд гол нөлөө үзүүлжээ.
Зээлийн эрэлт нэмэгдэв
2023 оны нэгдүгээр улиралд банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 24.9 хувиар өсөж 2.8 их наяд төгрөгт хүрснийг СЗХ мэдээллээ. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой зах зээлд зээлийн эрэлт өндөр байсан нь үүнд нөлөөлснийг салбарын компаниуд мэдээлж байв. Тухайлбал “Лэндмн ББСБ” ХК эхний улиралд 838.8 мянган удаа 219 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх улирлаас даруй 12 хувь өссөн дүн болохыг тайлагнажээ.
“Их 7” юу хэлэлцэв?
“Их 7”-ийн удирдагчид хэдийгээр нэн чухал нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах алхмуудыг эрчимжүүлэхээр болсон ч Бээжинтэй “үр ашигтай бөгөөд тогтвортой” харилцаа тогтоохыг эрмэлзэнэ гэдгээ илэрхийлэв. Хирошимад уулзалдсан төрийн тэргүүнүүд мөн эдийн засгийн дарамт шахалтын эсрэг механизм хэрэгжүүлэхээ мэдэгдсэн нь Хятадын зүгээс шүүмжлэлтэй тулгарсан байна.
Үүний зэрэгцээ генератив хиймэл оюуны талбарт бүлгийн орнуудын үнэт зүйлд тохирсон засаглал, хяналт хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн нь “Их 7”-ийн энэ удаагийн уулзалтаас гарсан онцлох шийдвэр байлаа. Энэ хүрээнд бүлгийн орнуудын Засгийн газрууд тус асуудлаар гүйцэтгэх засаглалын түвшинд хэлэлцүүлэг явуулж, үр дүнгээ оны эцэст танилцуулахаар тохиролцжээ.
Чипийн дайн хурцдав
БНХАУ ”Micron” компанийн бүтээгдэхүүнүүд кибер аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүйг зарласан нь Бээжин, Вашингтоны хооронд үргэлжилж буй чипийн дайнд тус улсаас өгсөн хариу цохилт боллоо. Тодруулбал Хятадад худалдаалагдаж байгаа ”Micron”-ийн бүтээгдэхүүнүүдээс “харьцангуй ноцтой эрсдэл” илэрсэн хэмээн зарлаж, технологийн гол дэд бүтцийн операторуудад тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулжээ.
“ChatGPT” апп
“OpenAI” компани генератив хиймэл оюуны “ChatGPT” үйлчилгээнийхээ ухаалаг гар утасны аппликейшнийг анх удаа танилцууллаа. Аппликейшнийг өнгөрсөн пүрэв гарагт iOS үйлдлийн системд, эхний ээлжид АНУ-ын хэрэглэгчдэд зориулж үнэгүй гаргасан бол ойрын хугацаанд Android хувилбарыг нь танилцуулахаа тус компанийн Технологи хариуцсан захирал Мира Мурати мэдэгджээ. Апп-ын гол онцлог нь хэрэглэгч өөрийн дуу хоолойгоор “ChatGPT”-д комманд өгөх боломжтой гэдгээрээ веб хөтчөөр ашиглахаас ялгаатай аж.
Дубайн ээлжит гайхамшиг
Тэнгэр баганадсан барилгуудаараа алдартай Дубай хотын ээлжит нэгэн нэрийн хуудас нь тэнгэрийн эрхсийг дэлхийд буулгах таван тэрбум ам.долларын төсөл болж магадгүй байна. Канадын энтрепренер Майкл Хендерсон тус хотноо 30 метр өндөр барилгын дээвэрт 274 метрийн диаметртэй сарны хуулбарыг байршуулах “MOON” төслийг боловсруулаад байгаа аж. Сар хэлбэрийн барилга дотор 4,000 өрөөтэй зочид буудал, 10 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай танхим байрлахаас гадна зочдод жинхэнээсээ саран дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлэх уур амьсгал, орчин бүхий хэсэгтэй байна гэжээ. Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Rolex Milgauss” бугуйн цаг дуудлага худалдаагаар $2.5 саяын үнэ хүрэв
“Аmazon” БНЭУ дахь үүлэн технологийн бизнестээ $12.7 тэрбумын хөрөнгө оруулна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.