СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-18

ХХБ-ны IPO-ийн талаар мэдэх хэрэгтэй бүх зүйл

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. ДНБ 1-р улиралд 7.9 хувиар өсөхөд уул уурхайн өсөлт гол жин дарлаа.
  2. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор УИХ-д суудалтай гурван нам хэлэлцэн тохирчээ.
  3. Худалдаа, хөгжлийн банкны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ.

Өсөлт 7.9%

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Тайлант хугацаанд уул уурхайн салбар 5.3 хувиар өсөж, эдийн засгийн тэлэлтийн гол хэсгийг бүрдүүлсэн бол үйлчилгээний салбар 3.8 нэгж хувь, тээврийн салбар 2.1 нэгж хувийн нөлөө тус тус үзүүлжээ. Харин хөдөө аж ахуйн салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар агшсан үзүүлэлттэй байна.

126 дээр тогтов

УИХ-д суудалтай гурван нам хэлэлцэж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор тогтлоо. Үүний 76-г мажоритар системээр, 50-г хувь тэнцүүлэх системээр сонгох нь зүйтэй гэж үзжээ. Мөн Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100 мянган хүнийг, орон нутгаас сонгогдсон гишүүн 20-30 мянган хүнийг төлөөлж байгаа тул Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхдээ Улаанбаатар хотын төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Доржханд илэрхийлж байв.

Худалдаа, хөгжлийн банк Монголын Хөрөнгийн биржийн анхдагч зах зээлд хувьцаагаа өнөөдрөөс арилжаалж эхэлснээр системд нөлөө бүхий банкнуудаас IPO хийж буй дөрөв дэх банк болж байна

2027 он гэхэд тус банк нийт хөрөнгөө 20.6 их наяд, өөрийн хөрөнгөө 2.6 их наяд, нийт зээлийн хэмжээг 10.7 их наяд, цэвэр ашгаа 558.7 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьжээ.

Тус банк эхний ээлжид нэгж бүр нь 33 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2.5 сая гаруй ширхэг хувьцаа олон нийтэд гаргана. Үүний 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээг 83.5 тэрбум төгрөг байхаар тооцжээ.

Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Ногоон банк” болох урт хугацааны тэргүүлэх дэд стратеги чиглэлийн дагуу тогтвортой буюу ногоон санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн. Харин банкны хуваарилах ногдол ашгийн хэмжээ нь татвар төлсний дараах цэвэр ашгийн 40 хүртэл хувь байх аж.

Байгууллагын банк

Капитал бий болгож, худалдааг хөнгөвчилж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлдгээрээ эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлдэг байгууллагын банкнуудын дэлхийн банкны салбарын нийт орлогод эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тухайлбал: АНУ-д байгууллагын банкны орлогын өсөлтийн хурд ДНБ-ий өсөлтөөс хоёр дахин илүү гарсан бөгөөд 2026 он хүртэлх хугацаанд дэлхийн банкны салбарын жилийн дундаж нийлмэл өсөлтийн хувь (CAGR) 6.3 байх бол байгууллагын банкны өсөлт 6.4 хувьтай байна хэмээн “McKinsey & Company” тооцоолжээ.
Хэдий тийм боловч нийлүүлэлтийн сүлжээний, уур амьсгалын гэх мэт сорилтуудыг давахад бүхий л секторын харилцагчдадаа дэм үзүүлэх чадавх, нөөц бололцоотой байх, технологийн өрсөлдөөнд дасан зохицож, бүтээлч дижитал шийдлүүдийг санал болгодог байх зэрэг шаардлагууд нь байгууллагын банкны өсөлтөд чухал нөлөөтэй болоод байна.

Монголын хамгийн том байгууллагын банк гэсэн байр сууриа хадгалсаар буй ХХБ нь өнгөрсөн онд л гэхэд банкны секторын нийт байгууллагын зээлийн 43 хувийг бүрдүүлжээ. МҮХАҮТ-ын ТОП-100 аж ахуйн нэгжийн 94 нь тус банкны урт хугацааны харилцагч бөгөөд тэр дундаа жижиг, дунд бизнесийн харилцагчдаас 494 нь томоохон ААН болж өсөн дэвжсэн үзүүлэлттэй байна.

Олон улсын шилдэг банк

2022 онд ХХБ Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 32 хувь, худалдааны санхүүжилтийн 27 хувийг дангаар хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн ХХБ нь Монгол Улсаас олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргасан анхны байгууллага бөгөөд цорын ганц арилжааны банк юм. Тодруулбал, 2007-2015 оны хооронд 5 удаа нийт 1.14 тэрбум ам.долларын урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлж, 100 хувь өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь эргүүлэн төлсөн байна.

ХХБ-ны олон улсад гаргасан бондууд

Ногоон хөгжил ба санхүүжилт

Ердөө таван жилийн өмнө бараг анхааралд өртөхөөргүй байсан тогтвортой санхүүгийн зах зээл гэрлийн хурдаар тэлж, 2021 онд дэлхийн хэмжээнд ногоон бонд, зээлийн олголт 1.5 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Харин дараагийн 30 жилийн хугацаанд Засгийн газрууд, бизнесүүд уур амьсгалын зорилтоо биелүүлж, дэлхийн эрчим хүчний систем нүүрстөрөгчийн ялгаралгүй болоход 120-194 их наяд ам.долларын ногоон хөрөнгө оруулалт шаардагдана гэж “Bloomberg” тооцоолж байна.

Цэвэр эрчим хүчний шилжилтээс шалтгаалан зэс тэргүүтэй чухал ашигт малтмалын үнэ огцом өсөх нөхцөл бүрдээд буй. Тэгвэл ХХБ нь Монгол Улсын уул уурхайн салбарын хүлээгдэж буй өсөлт, түүнтэй холбоотой бүтээн байгуулалтын давуу талыг ашиглаж, байгууллагын банкны зах зээлд тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалан жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлд тэлэлт хийх стратеги баримтлахаа онцолж байна.
Мөн Ногоон банк болох зорилтын хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ, нүүрсхүчлийн ялгаруулалт бага тээвэр, ногоон барилга болон орлогод нийцсэн орон сууцны төслүүдийг санхүүжүүлэхэд IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийг ашиглахаар төлөвлөсөн аж

Тооны цаана том агуулга

- ХХБ-ны 2018-2022 оны хооронд иргэдийн сегментэд олгосон зээл салбарын өсөлтөөс 2.8 дахин өндөр
- Сүүлийн 5 жилийн хугацаанд олгосон ногоон зээлийн багцын хэмжээ жилд дунджаар 27 хувиар өсөж, 53 тэрбум төгрөгт хүрсэн.
- 2022 оны нийгмийн зээлийн багцын 30 хувийг орлогод нийцсэн орон сууцны зээл бүрдүүлсэн

Худалдаа, хөгжлийн банкны анхдагч зах зээлийн захиалгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эрчтэй өсөлт

Өнгөрсөн улиралд "Tencent" компанийн нийт орлого жил орчмын хугацаан дахь хамгийн эрчтэй өсөлтийг үзүүлсэн ч ашгийн хэмжээ нь төсөөлөлд хүрч чадаагүй нь БНХАУ-ын эдийн засаг эргэн нээгдэх явцад интернет салбарын өсөлт жигд бус байгаагүйг харуулж байна. Оны эхний гурван сард компанийн орлого 11 хувиар өсөж, 150 тэрбум юань буюу 21.4 тэрбум ам.долларт хүрснээр шинжээчдийн дундаж төсөөлөл болох 146 тэрбум юанийг давжээ.

Энэтхэгт үйлдвэрлэв

Томоохон компаниуд БНХАУ-аас хамаарал бүхий нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг эрмэлзэж буй энэ үед Энэтхэг улс зөөврийн компьютер, таблет болон бусад цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчдийг татахаар 2.1 тэрбум ам.долларын санхүүгийн урамшууллын төлөвлөгөө танилцууллаа. Тус улс дахь “Apple”-ийн шинэ үйлдвэр “iPhone” гар утасны нийт үйлдвэрлэлийн 7 хувийг бүрдүүлсэн амжилтыг Ерөнхий сайд Нарендра Моди тодотгож, Энэтхэг дэлхийн аж үйлдвэрийн зангилаа төв болох үйл явцын эхлэл гэж үзэж байгаа аж.

Мөхөөлдөсний ид шид

5 ам.долларын үнэтэй мөхөөлдөс Дубайн иргэдийг шууруулж байна. “House of Pops” компанийн үйлдвэрлэдэг тод өнгөтэй, дотроо жимстэй мөхөөлдөс нь далайн эрэг, их дэлгүүр, явуулын мухлаг гээд тус хотод зарагдахгүй газар гэж байхгүй болжээ. Өмнө нь “Unilever”-ийн бүс нутгийн мөхөөлдөсний бизнесийг удирдаж байсан Мазен Канааны 2018 онд анх байгуулсан тус компани сүүлийн 12 сарын хугацаанд 1.3 сая ширхэг мөхөөлдөс борлуулсан бөгөөд одоогоор Саудын Араб, Бахрейн улсуудад тэлж, тэр байтугай “Emirates Airlines”-тай гэрээ хийн онгоцонд мөхөөлдсөө зарахаар төлөвлөжээ

BloombergTV.mn танд санал болгож байна

“Saudi Aramco” хувьцаагаа олон нийтэд дахин санал болгож магадгүй

Сингапурт орон сууцны борлуулалт сүүлийн 7 сарын хамгийн өндөр түвшинд хүрэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.