СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-05-11

Иргэдийн 63.4 хувь нь нэг сард эмийн хэрэглээндээ 100 мянгаас дээш төгрөг зарцуулдаг гэжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцуулах хурал ЭМЯ-нд болов.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаныхан оролцсон хуралд шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан танилцуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ бүрдэлт, чанар, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт, үнэлгээ хийж, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэгт ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газраас төлөөлөл багтсан. Тэд газар дээр нь очиж үзэх, холбогдох баримт бичигтэй танилцах, шалгах, эм хангамжийн байгууллагын ажилтнуудтай ярилцлага хийх, иргэд, эрүүл мэндийн ажилтнуудаас асуумж судалгаа авах, тайлан судалгаанд харьцуулалт хийх зэрэг аргаар хяналт шалгалтыг явуулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
. 2021 онд Монгол Улсад 636.1 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагдсан бөгөөд үүнээс 489.7 тэрбум нь импортын эм байсан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт. Мөн онд ДЭМБ-ын зөвшөөрсөн хатуу зохицуулалттай 26 орны 194 үйлдвэрээс нийт импортын 77.2 хувь буюу 321,3 тэрбум төгрөгийн импорт хийсэн байна.
Эмийн үнийн хувьд 2022 онд хамгийн их импортолсон олон улсын нэршлээр 50, худалдааны нэршлээр 240 эмийн гаалийн үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэж байгаа хувийг тооцож үзэхэд үйлдвэрлэгчээс өгч буй хэлцлийн үнэ хэрэглэгчид очих хүртэл гаалийн татвар, тээвэр, даатгал, үйл ажиллагааны зардал 17 хувь, ханган нийлүүлэх байгууллагын нэмэгдэл 25 хувь, эмийн сангийн нэмэгдэл 30 хувь, борлуулалтын НӨАТ 10 хувь гэх мэтээр дор хаяж 1.1 дахин нэмэгддэг гэсэн судалгааг танилцуулсан.

Үнэлгээнд хамрагдсан
Судалгаанд хамрагдсан иргэдийн 63.4 хувь нь нэг сарын дотор эмийн хэрэглээндээ 100 мянгаас доошгүй төгрөг зарцуулдаг гээд тэдний 79.6 хувь нь зах зээлд борлуулагдаж байгаа эмийг үнэтэй гэж үзсэн. Эмийн үнэ юунаас шалтгаалан өсч байна вэ гэсэн асуумжид эмийн сангууд нийлүүлэгчийн үнэ өсөлт, тээвэрлэлтийн зардал, эм ханган нийлүүлэх бйагууллагынхан үйлдвэрлэгчийн үнийн өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардал, эмийн үйлдвэрүүд сав, баглаа боодол, туслах материалын үнэ өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалсан гэсэн байна. Харин иргэд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх хувь хэмжээ буурч хувь хүн өөрөө төлөх мөнгөн дүн нэмэгдсэн, зах зээлд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ажлын хэсгийн танилцуулгад мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрснийг дурдсан.

Мөн эмийн үйлдвэр, эмийн импорт болон эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамтад нь олгосноос ханган нийлүүлэх байгууллага хэрэглэгчдэд шууд үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн ба зөвхөн өөрийн хамаарал бүхий эмийн сангуудаар борлуулах босоо хамаарлыг бий болгосон. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмийн дээд үнийг хатуу тогтоож, худалдааны нэршил нь өөр хэдий ч тухайн эмийг харилцан орлох, өрсөлдөхүйц бусад эмийг бүртгэн даатгалд хамруулаагүйгээс шалтгаалан тухайн эмээс хямдаар худалдаалах боломжтой ч дүйцүүлэх байдлаар үнийг хөөрөгдөн /жишиг болгох/ тогтоох шалтгаан болж байна. Эм хангамжийн салбартаа голлох байр суурьтай эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эмийн импортын эксклюзив гэрээ /дистрибьютерийн эрх/-тэй болон эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг зах зээлийн босоо хэлбэрийн хамаарлыг бий болгосон давуу байдлаа ашиглан үнийг хөөрөгдөх боломжтой байна гэж үзжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар асуулт асууж, хяналт шалгалтын үгнэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэн цаашид шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлж, эмийн үнийг бууруулахад бодитой санал танилцуулахыг үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Долгор
11 сарын өмнө
124.158.66.49

Эм маш үнэтэй бна зүрхний эм 20 хоног уух эм 78.0 даралт. Үе мөч уух ёстой амин дэмүүд сард 300.0 төгрөг-с илүү гарч бна тэтгэвэр хэд биээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.