Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны орон сууцны цахилгаан шат гацаж, дотор нь бага насны хүүхэдтэй хүн түгжигдсэн байна.
Хүүхэдтэй хүн түгжигдсэн тухай дуудлага Нийслэлийн аврах ангид энэ сарын 9-ны өдрийн 18:09 цагт ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид иргэн А /34 настай, эмэгтэй/, охин А /3 сартай, эмэгтэй/-гийн хамт цахилгаан шатанд түгжигдсэн байсныг цахилгаан шат хариуцсан засварчинтай хамтран 30 минут ажиллан хаалгыг онгойлгож, иргэнийг гаргасан байна.
Хотын стандартын лифтэнд тавигдах шаардлагад лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна хэмээн заасан байдаг. Иймд стандартаа мөрдөж ажиллах нь чухал гэдгийг дээрх явдал харуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.