Ж.Сүхбаатар: Засгийн газраас автозамын түгжрэлийг бууруулах ажлын явцтай 7 хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг авч байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан юм.

Тус танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ийн гишүүн Б.Бейсен:

-Нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Яармагаас Хархорин хүртлэх замд 4.2 км дүүжин зам барина гэж байна. Энд хэдэн дүүжин кабейн явуулах вэ. Мөн хичнээн хүний багтаамжтай вэ. Түгжрэлийг хэдэн хувь бууруулна гэж тооцоолж байна вэ. Метроны асуудлаар огт яригдахгүй байна. Улаанбаатар хотын хоёр чиглэлд метро барих асуудал яригдсан уу?

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

-Дүүжин тээврийн тухайд сүүлийн гурван жил зогсонги байдалтай байна. Төслийн талаар олон нийтийн дунд эргэлзээ шүүмжлэл гарч мөн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төсөл зогссон байсан. Есдүгээр сараас сайдаар ажиллаж эхэлснээс хойш тус төслийг барьж авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын байгууллагуудтай ярилцсан гэрээ хэлэлцээрээ заавал хийдэг байх ёстой гэдэг зарчмаа илэрхийлсээр байдаг.

Миний хувьд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэх нь манай түгжрэлийг бууруулгахад ач холбогдолтой гэж үздэг. Дэлхийн бүхий л хотууд түгжрэлтэй тэмцэж байна. Манайд хот төлөвлөлт нэгдсэн бодлогогүй байснаас үүдэн асуудал гарч байгаа. Тиймээс дүүжин тээврийг хамгийн боломжит шугам буюу II шугамыг сонгон авч, ирэх онд ашиглалтад оруулна гэдэг тохиролцоо хийгдсэн. Үүнийг гүйцэтгэгч Францын талтай өчигдөр уулзсан.

Мөн энэхүү тээвэр нь цагт 1200-1500 хүнийг тээвэрлэнэ гэсэн тооцоо бий. Дотроо халдаг, 15-20 хүний суудалтай, нийтийн тээврийн чиглэлээр ажиллах боломжтой Францын технологи байгаа юм.

Хоёрдугаар асуудал болох метроны асуудал дээр хариулт хэлэхэд Энхтайваны өргөн чөлөөн доор хийхталаар яригддаг ч ойр орчмын барилгад сөрөг нөлөөтэй гэж үздэг. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хувьд метрог үгүйсгэх зүйл байхгүй. Гадны мэргэжилтнүүдтэй ярилцахад метрог тасралтгүй 4 жил барьж байгуулна мөн 3 тэрбум ам.доллар хүрнэ гэдэг тооцоо байдаг юм билээ. Тиймээс метроны асуудлыг авч хэрэгжүүлэхээс илүүтэй нийтийн тээврийн сүлжээгээ сайжруулах шаардлагатай юм. 

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эхлүүлж, 2 дугаар шугам болох Яармаг Шинэ хотын захиргаанаас Хархорин автобусны буудал хүртэлх 4,2км дүүжин замыг 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлснээр 2024 онд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл :

-Улаанбаатарт нийт хүн амын 60 хувь нь амьдарч байна. Жил нэг жижиг аймгийн хэмжээний иргэд шилжин ирж байна. 30 мянган машин шинээр хэрэглээнд нэвтэрч байна. Энэ хурдыг гүйцэх хэмжээний бодлого шийдвэр гаргаж чадаж байна уу. Манай хотод цахимжилтын асуудал ямар түвшинд байна вэ? Эдийн засгийн судалгаа арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

- “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэхээр  шийдвэр тогтоолоо гаргаж, бэлтгэл зохион байгуулалтаа хангаад байна.  

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх” талаар авах зарим арга хэмжээний тухай 419 дүгээр тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Хот хөдөөгийн сэргэлтийн тухай авах зарим арга хэмжээний тухай” гэсэн хоёр томоохон тогтоолыг Засгийн газар гаргалаа. Дээрх тогтоолуудад тусгасан Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг сум, алслагдсан дүүрэгт /Багануур, Багахангай/ анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн 3 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт  тулгуурлан санхүүжүүлэх, батлагдсан төсвийн хүрээнд Засгийн газар хариуцан төлөх хүүгийн татаасын хэмжээг арилжааны банкуудтай хэлэлцээрийн замаар санхүүжилтын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын эзэмшлийн зарим аймаг дахь газрыг орон нутагт шилжин суурьшсан иргэдэд зориулсан орон сууцны барилга барих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлээд явж байна.

-УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Нийслэл хотод том хотхон барихгүй гэсэн хаана байна.Баригдаад л байна. Ямар ч сургуульгүй хороолол хотхон олон байна. Үүнээс шалтгаалаад нөгөө түгжрэл үүсээд л асуудал дагуулж байна гэлээ. 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

-Нийслэл Улаанбаатар хотод өдөрт 2,9 сая зөрчилт хөдөлгөөн хийгдэж байгаагаас 50% нь ажилдаа ирж очих, 30% нь хүүхдээ сургууль цэцэрлэгт авто машинаар хүргэж өгөх, 20% нь бусад зорилготой зорчилт хөдөлгөөн байна гэсэн судалгаа байдаг. Иймд хамран сургах тойргийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төвийн бус сургууль цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулах замаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна.

2022-2023 онд  нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сургуулийн 7 барилга, Цэцэрлэгийн 11 барилга, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 9 барилгын ажлыг хэрэгжүүлнэ. Ийнхүү сургуулийн хүртээмжийг 5780 суудлаар, цэцэрлэгийн хүртээмжийг 3455 ороор өсгөж, хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр авто замын хөдөлгөөнийг 20-30 хувь бууруулах судалгаа бий.

Зам тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж технологийн тусламжтайгаар авто зам, тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг боловсруулж, өгөгдөл дээр суурилсан тооцоо судалгаа хийх, бодит цаг хугацааны тандалт дээр суурилж замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломжийг бий болгох, авто замын сүлжээний ачааллыг бууруулах ажлын 1 дүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.  

2023-2024 онд 2 дугаар үе шатыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн бодит цагийн нэгдсэн дата цуглуулж, авто зам болон тээврийн зохицуулалтыг хийнэ. Гэрлэн дохиогоор тоноглогдсон уулзваруудад бодит цаг хугацааны тандалт хийж, замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломжтой болно. Мөн замын хөдөлгөөний хяналтыг 40 хувиар  сайжруулж автозамын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиар бууруулна. Ухаалаг авто зогсоол, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэнэ. Шалган нэвтрүүлэх товчоод, явуулын хяналтын цагдаагийн машинууд хоорондоо ухаалаг терминалуудаар холбогдож мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдэнэ.

Мөн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр Зайсан тойрууг нэг чигийн болгох, олимпийн гүүрний ойролцоох хөдөлгөөнийг буцаж эргэх зэрэг зохион байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Үр дүн эхнээсээ гарч байна гэлээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.