Иргэн: Хүүхэд хамгааллын 108 төвд хүргэгдсэн таван настай хүүг минь хоёр хоног зодсон байна
Хүүхэд хамгааллын 108 төвд очсон таван настай хүү хоёр хоног зодуулжээ. Тодруулбал, ар гэрт нь мэдэгдэлгүй таван настай хүүг хүүхдийн тусламжийн 108 төвд хүргэснээр тус үйл явдал болсон байна.
Ээжийн зүгээс "Аавтайгаа уулзахаар явсан хүүтэйгээ хоёр хоног холбогдож чадаагүй. Гэтэл аавыг нь цагдаагийн хэлтэс рүү, хүүг минь 108 төв руу явуулж биед нь хохирол учруулсан байна" хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Иргэн Э:
-Уучлаарай хаана хандахаа мэдэхгүй байна. Миний амь шигээ хайрладаг хүүг минь хоёр хоног 108 гэдэг хүүхэд хамгаалах төвд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс хүргэгдэж очоод ийм болтлоо зодуулсан байна. Ил харагдах шарх нь ийм боловч, гэдэс болон толгой нь өвдөөд байгаа. Олон том ах нар ээлжилж элэгдэж зодсон гэнэ.
Би хүүтэйгээ холбоо барихаар хоёр хоног хайгаад холбогдож чадаагүй. Аавтайгаа хоёр хоног байгаад нь итгэж байсан боловч, аавынх нь утас холбогдоогүй юм. Гэтэл цагдаа нар аавтай нь маргалдаж, тэр уур бухимдлаа ингэж үр хүүхдэд минь гаргажээ.
Миний хүүгийн ярьж байгаагаар "Энэ мууг тийш нь оруулаад үхтэл нь зодно" гэжээ. Яг хэнийг нь тэгж хэлсэн юм мэдэхгүй. Ийм жаахан хүүхдийн нүдэн дээр аавыг нь гавлаад зодсон гэхээр аймшигтай. Надад аавыг нь өмөөрөөд байх юм алга. Хэнээс юунаас болж цагдаад очсоныг мэдэхгүй.
Аав нь цагдаа руу очсон бол хүүг нь гөлөг шиг 108-д өгөөд ар гэрийг нь асууж өгөлгүй хаясанд гомдолтой байна. Хүүхэд хамгааллын 108 төв нь хүүхэд хамгаалдаг газар биш юм уу? Яг л хүүхдийн шорон шиг тэнд атаман ах нар байсан. Тэд нар намайг аймар их зодож би шөнөжин уйлсан гэнэ.
Миний дүү шиг жижигхэн охин байсан гэнэ. Бодвол нэг ойтой байх. Хоёр өдөр шөнөгүй миний хүүхдийг зодож байхад тэр газрын алба хаагч нар яагаад миний хүүг хамгаалсангүй вэ?. Сая уулзсанаас хойш өдөр шөнөгүй толгой, гэдэс өвдөөд гээд байхаар нь шалгааж байгаад асуухад хүү минь ийм байдалд хүрснээ хэллээ.
Мэдсэн даруй Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр ирлээ. Миний хүү хаана очсон, яасан ийсэн талаар ямар ч мэдээлэлгүй сууж байна.
Хүүхэд хамгаалах төвд нь ээжтэйгээ байдаг үрийг минь шорон шиг оруулаад 5 настай үрийг минь хоёр хоног зодуулжээ.
108 руу нь утасдаж миний хүүг зодсон байна. "Ээжид нь яагаад дуудаж хэлэхгүй ингэж зодож байгаа юм бэ'' гэхэд чи цагдаатай ханд бид нарт хамаагүй гэж байна. Баянзүрх дүүргийн цагдаа нь бид нар мэдэхгүй чи тэр 108 руугаа яв гэж хөөлөө.
Би хүүхдийнхээ эрүүл саруул байдлыг, эрүүл саруул ухааныг одоо хэнээс хаанаас нэхэх вэ?" гэжээ.
Харин уг асуудлыг ЦЕГ-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр:
-Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавьж, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байсан.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг хийн, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.
Шалгалтын явцад 33 настай, эрэгтэй "Н" нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүүхдийг төрсөн эцэг Н-д хүлээлгэн өгсөн. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох 'Э" нь “Хүүхдийг маань 108 төвд хоёр хонуулах үед тэнд байсан том ах нарт зодуулсан байна” гэж гомдол гаргаж ирүүлснийг хүлээн авч, хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийг томилон шалгаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.