СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-03-29

Иргэнийхээ регистрийг дэлгэсэн төр ямар хариуцлага хүлээх вэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хууль сахиулах байгууллага цахим залилангаас сэргийлэхийг уриалж цөхрөнгөө барж байгаа. Нөгөө талд хохирсон иргэд “хад” мөргөхөөс өөрөөр тусыг эс олов. Дэлхий даяар секунд тутам 26 хүн, харин Монголд өдөрт 58 хүн хувийн мэдээллээ хакердуулж хэдэн тэрбум төгрөгийн эд хөрөнгө, үнэлж баршгүй сэтгэл санааны хохирол амсч байна.

Тэгвэл үндэсний хэмжээний аюул болоод байгаа кибер халдлагын цаана ердөө л хэдхэн цифрийн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын найман оронтой тооны ард хүний амьдрал тэр чигээрээ багтдаг болсон нь цахим үндэстэн болох амбицийн хамгийн том эрсдэл.

Засгийн газар Боловсролын зээлийн сангаар суралцсан хүмүүсийн мэдээллийг ил болгосон нь сайн хэрэг. Олон нийт хоёр гараа өргөөд дэмжиж байна. Гэтэл Боловсрол, соёл шинжлэх ухааны яам Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авсан хүмүүсийн мэдээллийг ил болгохдоо олон нийтэд таалагдахаа л бодсоноос биш үүнийх нь цаана иргэн ямар эрсдэлд орж байгааг анзаарсангүй. Мэдээлэл задарч нийгмийн шүүлтүүрэнд ороод бүхэл бүтэн долоо хоног өнгөрч байхад иргэдийн регистрийн дугаар бүхий хувийн мэдээлэл цахим сүлжээнд дэлгээстэй “хэвтэж” байх жишээтэй. . Ингэхдээ зүгээр ч нэг санамсаргүй тохиолдол биш төрийн яамны албан ёсны сайтад гарсан байх юм.

Тухайн иргэний регистрийн дугаарыг хальт анзаарахад л  хаана төрсөн, хэдэн настайгаас нь эхлээд бүгд ил тод харагдаж байна. Цаашлаад аль нэг ухаалаг системд регистрийнх нь дугаарыг оруулаад хэн бэ гэдгийг нь төвөггүй мэднэ. Гэрийн хаяг, утасны дугаар, боловсрол, машин тэрэг, эд хөрөнгө, ам бүлээс эхлээд эрүүл мэндийнх нь нөхцөл байдлыг ч олж үзэх боломжтой. Уг нь хүний эрүүл мэндийн асуудал бол эмзэг, маш нууц хэсэгт хамаардаг. Магадгүй энэ бүхнийг буруу замаар ашиглаж мэдэх юм. Хамгийн ноцтой нь төрийн хамгаалалтад байх учиртай хувийн нууц мэдээлэл хакеруудад бэлэн өгөөш болохыг үгүйсгэх аргагүй. Хэрэв өөрийнх зөвшөөрөлгүй мэдээллийг нь тарааснаас болж тухайн иргэн ямар нэг байдлаар кибер халдлагад өртөж эд мөнгө, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирвол төр хариуцлага хүлээх үү. Эрсдлийг хэн даах вэ. Тиймээс цагдаа нар цахим залилангаас иргэдийг сэрэмжлүүлэхээс гадна өөрөө ч мэдээгүй байхад нь ийм том эрсдэлд оруулж байгаа төрдөө ч гэсэн хуулийг нь сахиулах шаардлага гарлаа.

Хуульд “хүний хувийн мэдээлэл” гэж эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэж заасан. Мөн эдгээр мэдээллийг авч ашиглахдаа өгөгдлийн эзнээс зөвшөөрөл авна. Ямар нэг эрсдэл учрахаас сэргийлнэ гэдгийг тов тодорхой хуульчилсан. Гэтэл эзнээс нь зөвшөөрөл авах нь битгий хэл иргэнийхээ эрхийг ноцтой зөрчиж эрсдлийн өмнө өгөөш болгож орхилоо.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах болон Зөрчлийн хуульд зааснаар эзнээс нь зөвшөөрөл аваагүй, хууль зөрчиж мэдээллийг нь ашигласан бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ асуудалтай холбоотойгоор хуульч, өмгөөлөгчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

Хуульч Л.Галбаатар: Хувийн мэдээллийг яам ил гаргасан бол хариуцлага сайд, ТНБД-ын түвшинд яригдана

-Регистрийн дугаараар хүнийг хэн бэ гэдгийг бүрэн тодорхойлох боломжтой. Төр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ . Адилхан нэртэй хүмүүсийг ялгахын тулд регистрийн дугаар тавих шаардлага үүсвэл үсэг юм уу эхний дөрвөн орон юм уу сүүлийн 3-4 оронг нь нууцалж болно. Хувийн мэдээлэл ашиглах бол аль болох бага мэдээлэл ашиглах, задруулах зарчимтай. Хувийн мэдээллээ олон нийтэд хууль бусаар цацлаа гэж үзэж ХЭҮК-т хандвал мэдээллийг нь ил болгосон байгууллагад хууль зөрчсөн үйлдлээ зогсоох агуулгатай шаардлага юм уу зөвлөмж хүргүүлнэ. Хувийн мэдээллийг задруулсан бол зөрчлийн хариуцлага яригдана. . Хувийн мэдээллийг яам ил гаргасан бол сайд юм уу Төрийн нарийн бичгийн даргын түвшинд яригдана.

Хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэг: Регистрийн дугаарыг ашиглахдаа хувиргаж, нээлттэй өгөгдөл болгох ёстой

-Хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг төрийн байгууллага нийтэд зориулж тодорхой зорилгоор ашиглахдаа тухайн иргэнийг тодорхойлох боломжгүй болгож хувиргаж, нээлттэй өгөгдөл болгох ёстой. Үүнийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах болон Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хамгаалах хуулиар зааж өгсөн. Тухайлбал, регистрийн дугаарын зарим хэсгийг нууцална. Төр иргэний регистрийн дугаарыг нууцлахгүй бүтнээр нь ил болговол кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй. Регистрийн дугаар хүнийг бүрэн тодорхойлдог учраас энэ мэдээллийг ашиглаж бүртгэлтэй банк болоод бусад нууцлалыг олж авах, эрсдэлд оруулж бүрэн боломжтой. Тиймээс төр иргэнийхээ хувийн мэдээлэлд анхааралтай хандах шаардлагатай.

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.