М.Бадамсүрэн: Зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцөлийг тогтооно

"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-иас химийн аюултай бодисонд хордсон их хэмжээний зээрийг шөнийн цагаар нууцаар булах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Уг үйл явдалтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга дараах мэдэгдлийг гаргажээ. 

DC45B4B5 EA3F 4B59 BA19 62E7671E2797

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: 

-Хорогдсон Цагаан зээрийн сэг зэмийн талаарх мэдээллийг харьяалах сумын эрх бүхий албан тушаалтан, Мал эмнэлэг, Байгаль орчны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр булах үйлдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Зүй нь үйл ажиллагаа явуулж буй талбай орчимдоо хорогдсон мал, амьтны сэг зэмийн талаар мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгч, хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлох шинжилгээнд хамруулж, дүгнэлтийг үндэслэн халдваргүйтгэл хийж зөвшөөрөгдсөн цэгт булж устгах зохицуулалттай.

Өмнө нь мөн газрын тос тээвэрлэлтийн автомашин осолдож түүхий тос газрын хөрсөнд асгарсныг нуун дарагдуулсан байсан.

Иймд аймгийн Цагдаагийн газрын Экологийн Цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Халхгол сум, Матад сумын ЗДТГ-аас мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21,19 дүгээр талбайд газар дээр нь шуурхай ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд тус талбайнуудад ажиллаж байгаа болно гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.