СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-03-01

Б.Баттулга: “Аз жаргалаа түгээх” сар эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн чиглэлийн 10 цех үйл ажиллагаагаа сурталчлах сарын аяныг цувралаар зохион байгуулж байна.

Өнгөрсөн сард “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор шинэ тутмын олон үйлчилгээ нэвтрүүлж, нээлттэй ажилласан бол гуравдугаар сард Соёл, урлагийн цогцолбор “Аз жаргалаа түгээе” уриан дор олон талт үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангажээ.

Энэ талаар тус цогцолборын дарга Б.Баттулгатай цөөн хором ярилцлаа.

-Сарын аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 

-Бид үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн ажилчдынхаа дунд 15 ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Гуравдугаар сард эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяр, казах түмний нарны баяр “Наурыз”, дэлхийн театрын өдөр тохиодог онцлогтой.

Бид Соёл, урлагийн цогцолборынхоо үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны I, II байр болон Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлэг, Амарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Ингэхдээ зөвхөн урлаг соёлоор угтан үйлчлэх бус ажилчид, иргэдийг татан оролцуулж, нээлттэй байдлаар зохион байгуулна. Мөн “Ээжүүддээ хайр түгээе” Open Mic, “Хайрын бэлэг” үйл ажиллагаа явагдана. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын концерт, Эх орончдын өдөрт зориулсан бэсрэг тоглолт бэлтгэж байна. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн соёлын арга зүйчидтэйгээ хамтраад соёл, чөлөөт цагийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэн гаргана.

Уран бүтээлчид, соёлын арга зүйчдийн ажил үйлсийг мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг цувралаар зохион байгуулах юм. 

-Монгол цэргийн өдөр, “Наурыз”-ын баярыг хэрхэн тэмдэглэх вэ? 

-“Монгол Улсын төлөө зүтгэе” концерт бэлдэж байгаа. Мөн казах түмний “Наурыз” баярт зориулсан мэндчилгээ, урлагийн номеруудын бэлтгэл бас явагдаж байна.

Үйлдвэрийн газрын казах ажилтнуудын дунд өв соёлын талаар бооцоот хөгжөөнт уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийт ажилтнууд, уурхайчдад зориулсан “Өв соёл” урлагийн нэгдсэн үйл ажиллагаа, ардын дууны концерт болно.

Хүүхдийн дугуйлангийн сурагчдын “Молор Эрдэнэ” морин хуурын чуулгын тоглолт, гадаад мэргэжилтнүүдэд зориулсан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын VIP сонгодог тоглолт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа төлөвлөн ажиллаж байна. Дэлхийн театрын өдөр буюу 3-р сарын 27-нд манай цогцолборын сарын аяны хаалтын үйл ажиллагаа болно.

Энэ үеэр “Эрдэнэт” академик концерт тоглохоор бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдын мэргэжлийн чадвар, чансааг харуулсан сайхан тоглолт үзүүлэхээр бэлтгэж байна.  

-Баярлалаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.